Өвөрхангай аймгийн хэмжээнд 11 сумын 237 өрхийн 7507 хонь цэцэг өвчнөөр өвчилжээ. Одоогийн байдлаар нийт 21 голомтыг илрүүлэн, дархлаажуулж байгаа аж. Түүнчлэн өвчний тархалтыг зогсоох зорилгоор 17 сумын 1782 малчин өрхийн 32 мянган хонийг эрт илрүүлгийн үзлэгт хамруулж, 14 сумын 959 өрхийн 384 мянган хонийг вакцинжуулсан байна. Мөн тархалтын хүрээний гадна хамгаалалт үүсгэх зорилгоор 457 мянган тун вакцин татан авах хүсэлтийг Мал эмнэлгийн ерөнхий газарт хүргүүлжээ.
Одоогийн байдлаар тус аймагт хорио цээрийн дэглэм тогтоож, бог малын шилжилт хөдөлгөөнийг хориглон сум, аймгийн Онцгой комиссоос хяналт тавьж байгаа юм.