2024-02-08 12:54:02
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн захирагч, хурандаа Т.Мөнхдорж нар яаралтай тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Тус анги нь 2019 оноос эхлэн ГССҮТ-тэй хамтран ажиллаж буй бөгөөд энэ хүрээнд агаараас эрэн хайх, аврах ажиллагааны багийн эмч, сувилагч нарыг гэмтлийн яаралтай тусламжийн богино хугацааны сургалтад хамруулж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэхээр болсон байна.
Гамшиг, ослын үед үзүүлэх яаралтай тусламж үйлчилгээний чанарыг сайжруулж, албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлснээр орон нутагт осол, гэмтэлд өртсөн иргэдэд яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлж, эрүүл мэнд, амь насыг нь аврах боломж нэмэгдэх юм.
Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги нь орон нутагт гамшиг, осолд өртсөн иргэдэд яаралтай тусламж үзүүлж, ЕС-145 загварын тусгай үүргийн нисдэг тэргээр лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад тээвэрлэн хүргэдэг бөгөөд 2024 оны байдлаар нийт 135 иргэнийг тээвэрлэжээ.