Уг нь Их хурлын сонгуулийн тухай хуультай уялдуулаад орон нутгийн сонгуулийн тухай хуульдаа ч өөрчлөлт оруулах ёстой байсан. Өнгөрсөн оны аравдугаар сард УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Г.Амартүвшин, Т.Энхтүвшин нар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Гэхдээ хуулийг батлах дөрөвхөн хоногийн хугацаа байсан учраас хуулийн хугацаандаа амжиж баталж чадаагүй. Тиймээс энэ удаагийн орон нутгийн сонгуулийг 2020 оны хуулиар явуулах нөхцөл бүрдээд байгаа юм. СЕХ-оос УИХ-д удаа дараа Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн хугацааг сануулж байсан ч Их хурал хугацаандааа амжиж хуульдаа өөрчлөлт оруулсангүй. 2024 онд орон нутгийн сонгуулийн санал авах өдрийг аравдугаар сарын 15-нд тогтоож байсан.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд “Сүүлд өргөн барьсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөлд сонгууль болохоос зургаан сарын өмнө өөрчлөлт оруулж болно гэж заасан байсан. Бидний тооцоолж байснаар мөрдөгдөж байгаа хуульдаа өөрчлөлт оруулаад дараа нь шинээр батлагдсан хуулийн дагуу Үндсэн хуультай холбоотой нэмэлт өөрчлөлтүүдээ хийгээд явах бодолтойгоор хуулийн төсөл боловсруулсан байсан. Гэтэл эцсийн хэлэлцүүлэг хүртэл яваад албан ёсоор баталж чадаагүй учраас одоо бол Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн боломж байхгүй. Тиймээс хуучин хуулиараа энэ удаагийн сонгуулийг явуулна” гэлээ.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийг батлахдаа тойргийг бүсчилж, эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлж, намын жагсаалтад хүйсийн төлөөллийг 50/50 хувь байлгах зэрэг олон өөрчлөлтийг хийсэн. Гэхдээ энэ өөрчлөлт, шинэчлэлийг Орон нутгийн сонгуулийн хуульдаа оруулж чадсангүй. Тэгэхээр энэ удаагийн орон нутгийн сонгуулийг 2020 онд явуулсан зарчмаар зохион байгуулна гэсэн үг. 2020 оны хуульд аль нэг хүйчийн төлөөлөл 20 хувь байна гэж заасан. Гэхдээ энэ квотыг хангаж нэр дэвшүүлээгүй намыг бүртгэхгүй байх заалт байхгүй. Харин Их хурлын сонгуулийн тухай хуульд жендерийн квот биелүүлээгүй улс төрийн намыг СЕХ бүртгэхгүй гэж заасан юм.
Их хурал хүсвэл хуулийг хоёр өдөрт ч баталдаг. Харин Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль дээр эрх баригч намынхан санал нэгдэж чадаагүй учраас хуулийн хугацааг тулгаж хуулийн төслөө өргөн барьсан бололтой. Уг нь энэ парламент Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хууль гээд төрийн эрх барих дээд байгууллагыг эмхлэн байгуулах бүх хуульдаа өөрчлөлт оруулсан. Үүнийг дагуулаад орон нутгийн сонгуулийн хуульдаа ч өөрчлөлт оруулах шаардлагатай байсан ч шинэчлэл нь орон нутагт ирээд гацлаа.
https://itoim.mn/a/2024/02/02/politic/int