“Боловсролын орчин дахь хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн зан үйлийн судалгаа-2023” үндэсний хэмжээний түүвэр судалгааг амжилттай зохион байгуулж, үр дүнгийн тайланг өчигдөр /2024.01.29/ танилцууллаа.
Ерөнхий боловсролын нийт 51 сургуулийн 3700 гаруй хүүхдийг хамруулсан энэхүү судалгаа нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга аргачлалаар хийсэн ерөнхий боловсролын сургуульд суралцагч 13-17 насны хүүхдийг үндэсний болон хот хөдөөгийн суурьшлаар төлөөлөх хэмжээний түүвэртэй анхны судалгаа юм.Судалгааны дүн нь үндэсний бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нар, олон улсын болон хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад байгууллагуудад бодлого, хөтөлбөрийг тодорхойлоход ашиглах суурь мэдээлэл болохын зэрэгцээ, эрдэмтэн судлаачдад гүнзгийрүүлсэн судалгаа, шинжилгээний ажил хийхэд чухал эх үүсвэр болох юм байна.
Өсвөр насны хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн зан үйлийн өнөөгийн байдлын талаарх цогц мэдээллийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга аргачлалын дагуу цуглуулах, бодлого, хөтөлбөрийн үр дүнг хэмжих цаашдын суурь мэдээллийг бий болгоход энэхүү судалгааны зорилго орших бөгөөд дараах зорилтуудыг тавьж ажиллажээ.
Үүнд:
1. Өсвөр насны хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн зан үйлийн талаар засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны үр дүнг тодорхойлох;
2. Хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн зан үйлтэй холбоотой асуудлаар тоон мэдээллийг бий болгох, цаашид хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөрийн суурь мэдээллийн баазыг бүрдүүлэх;
3. Тогтвортой хөгжлийн холбогдох үзүүлэлтүүдийн үр дүнг тооцон гаргах;
4. Цаашид авч хэрэгжүүлэх бодлогын шийдлийн шинжлэх ухааны үндэслэлийг тодорхойлох юм байна.