Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Баян” Базараагийн мэдлийн компани болох “Бүрдэл майнинг” ХХК-ийн уурхайн хамгаалагчид иргэд рүү хийн буугаар буудсан хэрэг гарсан байдаг. Тодруулбал, 2021 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн 16:00 цагийн үед уурхайн бүсэд нэвтэрсэн гар аргаар алт олборлогчид руу уурхайн харуул хамгаалалтын ажилтан хийн буугаар буудаж, хүнд гэмтэл учруулсан ноцтой хэрэг гарсан юм. Тэгвэл уг хэргийн хавтаст хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэж байна.
Шүүгдэгч Ж.М нь “Бүрдэл майнинг” ХХК-нд “Сонор харуул” ХХК-ийн харуул хамгаалалт хариуцсан хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа хууль бусаар гар аргаар алт олборлогч иргэд дайрах үед Gediz маркийн 9-мм-ийн хар өнгийн EG-20081831 гол мөрийн дугаартай хийн гар буугаар иргэн Ц.Ө руу буудлага хийж, эрүүл мэндэд нь санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Ж.М нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “Хэрэг болсон өдөр болох “Бүрдэл-майнинг” уурхайн алт олборлох болон баяжуулах үйл ажиллагаа 08:00 зогсож, 09:00 цагт буулгах үйл ажиллагаа эхэлсэн. Уг үйл ажиллаагаатай холбоотойгоор нутгийн иргэд болон гараар олборлогчид уурхайн урд талд 50 орчим хүнтэй 20 орчим машин цувж ирсэн. Уг мэдээллийг Заамар сумын цагдаагийн газарт мэдэгдсэн. Үүний дагуу 7-8 цагдаагийн албан хаагч 10:00 цагийн үед ирсэн. Цагдаагийн албан хаагч нарыг ирэх үед нутгийн иргэд улам их болж 100 гаруй хүн, 50-60 машин болсон. Харуул хамгаалалтын хүмүүс болон цагдаагийн албан хаагч нарын хамт нутгийн иргэдэд шаардлага тавьж, бүсэд нэвтрэх боломжгүй тухай удаа дараа тайлбарлан хэлсэн. Гэтэл орон нутгийн иргэд эсэргүүцэл үзүүлэн хэл амаар доромжилж, авах зүйлээ авна гэж хэлж байсан. 10:30 цагийн үед 200-300 хүн, 70-80 машин болсон. Иргэд дайрч, байшингийн дээвэр, ханыг цөмлөж эхэлсэн. Энэ үед бүгд дайраад хоёрдугаар үйлдвэрийн тоног төхөөрөмж эвдсэн. Бид тэр хүмүүст шаардлага тавихад ахлах ажилтан н.Болорсүхийн толгойг хагалж ухаан алдуулсан. Тухайн үеийн нөхцөл байдал хүний амь эрсдэж болох үе байсан тул анхааруулж дээшээ буудахад хүмүүс тоохгүй байхаар нь хажуу тийш буудсан. Тэр үед 2-3 хүмүүс нь анзаараад бид нар руу буудаж байна зугтаарай гэж байсан. Тухайн үед 2-3 ажилтан болон тэнд байсан ахлах ажилтнаа жижиг нүхээр гаргаж холдуулсан. Хүмүүс орж байгаа том онгорхой нүх рүү очоод та нар үйлдвэр рүү орж болохгүй гэж хэлэхэд тэнд байсан хүн чих рүү буудчихлаа гэж хэлж байсан. Хүмүүс над руу дайраад чулуу шидэж байсан. Тэгээд дээшээ хартал цагдаа нар бууж ирж байсан. Намайг тэндээс салгаж аваад дээшээ гарсан шатаар өгсөөд буцаад буусан. Тэр үед хүмүүс над руу дахиад чулуу шидээд байхаар нь би машин дотор байсан буугаа аваад дээшээ буудсан. Хүмүүс дахиад буу гаргаад ирлээ гээд надаас холдсон. Тухайн үед дахиад цагдаа нар ирээд наад хүмүүс чинь чамайг алах гээд байна гээд авч явсан. Тэр өдөр үйлдвэр дотор 3-4 удаа буудсан, үлдсэн сумыг сануулга зорилгоор буудсан, нийт найман сумаар буудсан. Орон нутгийн иргэд дайрах үед гар буугаа алдсан. Тэр үед үйлдвэрт их хэмжээний эвдрэл, хохирол гарсан байсан” гэжээ.
Хохирогч Ц.Ө мэдүүлэхдээ “2021 оны арванхоёрдугаар сарын 06-ны 15:00 цагийн орчим Төв аймгийн Заамар сумын Хайлааст гуравдугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Баянголын амны “Бүрдэл майнинг” ХХК-ний усан буу бууж байна гэдэг сургаар очсон. Тэнд 100 орчим хүн цугласан байсан. Уурхайн усан бууны дээд талд нь шороон дээр уурхайн ажилчид, цагдаа нар байж байсан. Гэтэл гэнэт 2-3 удаа буун дуу гараад эргээд хартал хамгаалалтын албаныхан буу чиглүүлээд зогсож байсан. Арай ч буудчихгүй байлгүй гэж байтал араас буудаж миний зүүн талын бөөр орчимд оносон. Зүүн бөөрний хэсгээс жаахан цус шүүрсэн. Тэгээд би тэнд байсан хүмүүст намайг буудчихлаа гэхэд буунаас айгаад зугтаачихсан. Цагдаа нар намайг эмнэлэг рүү явж, шархаа үзүүл гэж хэлсэн. Тулгаатай уулзаад байж байсны дараа нь бусад цагдаа нар ирээд тэнд байсан хүмүүсийг одоо тар, хойшоо бай гээд тарсан уулзаад байж байхад дахиад 3-4 удаа байх буун дуу гарсан. Гэтэл намайг буудсан хар өнгийн хувцастай, өндөр биетэй хамгаалагч залууг цагдаа дагуулсан гарч ирээд машинд суулгаад явуулчихсан” гэжээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ж.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ж.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мд оногдуулсан 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.
https://ergelt.mn/news/71/single/41094