2020.06.13-14-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 409 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 284 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтсэн. Эдгээрийн 3 хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.
Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр-6
- Мөргөлдөх хэлбэрээр-2
- Онхолдох хэлбэрээр-2
- Унадаг дугуйтай мөргөлдөх хэлбэрээр-1 тус тус хөдөлгөөнд оролцсон байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
2020.06.12-ны шөнийн 22 цаг 20 минутын орчим Төв аймгийн Сүмбэр сумын 1-р багийн нутаг дэвсгэр /сумын төв/-д шороон замд Toyota Prius маркийн Ш жолоочтой автомашин явган зорчигч 35 настай, эрэгтэй Л-ыг мөргөж амь насыг нь хохироосон
2020.06.14-ны өдрийн 21 цаг 00 минутын орчим Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 4-р багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 46 настай, эрэгтэй Ц-гийн амь нас нь хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 2 зөрчил бүртгэгдсэн байна.
Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 208 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажилласан.
Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 4,4 хувиар, ослын улмаас гэмтсэн хүн 35,2 хувиар тус тус буурч, бүртгэгдсэн зам тээврийн осол 1,4 хувиар, ослын улмаас нас барсан хүн 50,0 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн хорооллын дотор замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээр тогтоосон 20 км/цаг хурдыг хэтрүүлэхгүй байх, явган хүний гарц гарамтай авто замын хэсгүүдэд явган зорчигч нарт зам тавьж өгөх, тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан хөдөлгөөнд оролцох, бага насны хүүхдийг заавал насанд хүрсэн харгалзах хүнтэй замын хөдөлгөөнд оролцуулахыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.