Аймгийн төсвөөс 10 сая төгрөг зарцуулж, отроор яваа 165 малчин өрхөд тус бүр 180 кг нүүрсийг үнэ төлбөргүй олгож байна. Үүнд Зүүнбаян-Улаан, Хужирт, Өлзийт, Есөнзүйл сумын малчид багтаж байгаа юм. Дээрх сумдад намар орой бороо орсны дараа цас үргэлжлүүлэн орсны улмаас газар хөлдөж, малын идэш хоолгүй болсноор олон малчин өрх өвлийн хүйтэнд отор нүүдэл хийж байна.
Цаашид аймгийн аюулгүйн нөөцөөс 400 тонн ногоон тэжээлийг малчдад 50 хувийн хөнгөлөлттэй олгоно гэдгийг аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч И.Доржсүрэн хэллээ. Мөн улсын Онцгой комиссоос манай аймагт 465 тонн хивгийг 50 хувийн хөнгөлөлттэй олгохоор хуваарилаад байна.
Өнөөдрийн байдлаар аймгийн нийт нутаг дэвсгэр цасан бүрхүүлтэй байгаагаас Бүрд, Есөнзүйл, Нарийнтээл, Баруунбаян-Улаан суманд тэгш талдаа 30 см, хунгар газраа нэг метр хүртлэх цас тогтсон байдалтай байна.
"Зүүнбаян-Улаан сум 1200 малчин өрхийн 220 мянган толгой мал өвөлжиж байгаа. Хангайн гурван багаас 120 малчин өрх урд баг руугаа болон Тарагт, Баянгол сум руу оторлосон. Бүгд түлээ түлшний хомсдолд орж, хүнд нөхцөлд өвөлжиж байгаа" хэмээн тус сумын Засаг дарга Б.Баасан хэллээ.