Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Ухмал-Уул гэдэг газар өчигдөр 13 цаг 48 минутад 4,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Тус аймгийн Онцгой байдлын газраас Улаан-Уул сумын Засаг даргаас тодруулахад тухайн газар айл нутагладаггүй бөгөөд иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлсэн байна. Хөвсгөл аймагт он гараад 3,5 магнитудаас дээш хүчтэй 27 удаа газар хөдөлсөн бөгөөд 10 гаруй нь Хөвсгөл нуур орчимд болсон гэдгийг Одон орон геофизикийн хүрээлэнгийн Хатгал дахь салбарын эрхлэгч Ц.Даваадалай мэдээллээ.