Монгол Улсын Ерөнхий сайдаас “Нийслэл Улаанбаатар хотод үүссэн үер, усны аюултай нөхцөл байдлын улмаас төр, олон нийтэд учирсан хохирлыг үерийн далан, суваг таглаж барилга байгууламж барих зөвшөөрөл өгсөн, барьсан, хууль зөрчиж газар олгосон эрх бүхий албан тушаалтан, хуулийн этгээдээс нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах тухай” хүсэлтийг 2023 оны долдугаар сард прокурорын байгууллагад хүргүүлсэн байдаг. Үүний дагуу Улсын ерөнхий прокурорын газраас хүсэлтийг шийдвэрлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх ажлын хэсгийг байгуулж, холбогдох арга хэмжээг авчээ.
2011-2023 оны хугацаанд эрх бүхий албан тушаалтнууд Нийслэлийн 8 дүүргийн 3929 нэгж талбарт үерийн далангийн хамгаалалтын бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших, ашиглуулах шийдвэр гаргасан байсныг нэг бүрчлэн судласан байна. Үерийн далангийн хамгаалалтын бүс давхцуулан 3929 газар олгожээ. Үүнд:
- Багануур дүүрэг 3 хуулийн этгээдэд;
- Налайх, Багахангай дүүрэг иргэнд 21, хуулийн этгээдэд 2;
- Баянгол дүүрэг иргэнд 183, хуулийн этгээдэд 44;
- Чингэлтэй дүүрэг иргэнд 360, хуулийн этгээдэд 48;
- Сүхбаатар дүүрэг иргэнд 512, хуулийн этгээдэд 34;
- Хан-Уул дүүрэг иргэнд 443, хуулийн этгээдэд 153;
- Баянзүрх дүүрэг иргэнд 880, хуулийн этгээдэд 118;
- Сонгинохайрхан дүүрэг иргэнд 960, хуулийн этгээдэд 168.