"Үлдлээ" нөлөөллийн аяны хөтөлбөрийн хүрээнд залуучуудын дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд болсон тус хэлэлцүүлэгт Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд Г.Түвдэндорж, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нар оролцлоо.
Тэдний зүгээс залуучуудад хандаж хэлсэн үг, тавьсан илтгэл нь залуусын сонирхлыг татаж, тэдний санал бодлыг сонссон нь хэлэлцүүлгийг илүү үр дүнтэй болгожээ.
Тус хэлэлцүүлэгт Сэлэнгэ аймгийн Залуучуудын хөгжлийн зөвлөлийн гишүүдийн төлөөлөл оролцож, сумдаар явахдаа авсан залуучуудын санал асуулга дээр үндэслэн саналаа хэлжээ.
Залуучууд орон нутагт тогтвор суурьшилтай амьдрахын тулд хэд хэдэн саналыг дэвшүүлжээ. Тодруулбал:
-Төвлөрсөн дулаанд холбогдсон орон сууцны асуудлыг шийдвэрлэх,
-Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх,
-Хөдөөгийн аль нэгэн суманд очиж амьдрахад хийж болох бизнес эрхлэлтийн боломж нөхцөлийг тодорхойлж өгөхийг хүссэн байна.
Цаашид бүх сумдын залуучуудаас санал авч нэгтгэн холбогдох байгууллага, албан хаагч нарт хүргүүлж, төрийн бодлогод тусгуулахад анхаарч ажиллана гэдгээ Залуучуудын хөгжлийн зөвлөлийн гишүүдийн төлөөлөл хэллээ.