Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Монголын түүхийн хэвлэмэл эх сурвалжийн он цагийг урагшлуулсан баримтыг архивт хадгалж байна

Энэхүү үйсэн номыг Хар бухын балгаст 2004-2011 онд хийсэн хээрийн малтлага, судалгаагаар олж илрүүлсэн
Монголчууд бид хэдийгээр нүүдэлчин ахуй амьдралтай ч төрт ёсны түүх, ард түмний амьдрал тэмцэл, зан заншил, ёс журмыг бичиж үлдээсэн арвин баялаг санг өвлүүлэн үлдээсэн байдаг. Олон зуун жилийн явцад зарим нь элэгдэж, хуучирч, үгүй болсон ч гэлээ дотоод, гадаадад манай улсын түүхийн чухал баримт бичиг, сан хөмрөг, дурсгалууд хадгалагдаж буй юм. Ерөнхийлөгч Х.Баттулга “Монголчууд бид түүх, уламжлал, бичиг үсгийн арвин баялаг өвтэй эртний соёлт ард түмний нэг билээ. Суут Чингис хаан 1206 онд Их Монгол Улсыг байгуулсныхаа дараа худам монгол бичгийг төрийн бичиг болгож, аливаа хэргийг “Хөх дэвтэр”-т тэмдэглэн үлдээх зарлиг буулган, Монголын төрийн албан хэрэг хөтлөх дэг жаягийг үндэслэснээс хойш монголчуудын албан хэрэг хөтлөлт, архивын өвийг бүрдүүлэх ажил тасралтгүй уламжлагдан хөгжсөөр өнөө үетэй золгожээ. Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие Монгол үндэстний бахархал, сургамжаар дүүрэн агуу их түүхийн нандин өв санг хадгалан хамгаалж, баяжуулан арвижуулж олон түмний хүртээл болгож байдаг Үндэсний төв архивын үйл ажиллагаа, түүний сан хөмрөгт хадгалагдаж буй олон хосгүй үнэт баримтын дээжистэй танилцаад сэтгэл үнэхээр огшиж, эх түүх, эцэг өвгөд, ахмад үеэрээ бахархах сэтгэгдэл өөрийн эрхгүй төрлөө” хэмээн 2019 оны арванхоёрдугаар сарын 27-нд Архивын ерөнхий газар (АЕГ)-ыг Алтангадас одонгоор шагнаж, үйл ажиллагаатай нь танилцах үеэрээ өгүүлж байсан юм.
Монголчууд бидний өвөг дээдэс, ахмад үеийнхэн хуудас хуудсаар нь хураан цуглуулж бүрдүүлэн бий болгосон үндэсний түүхийн үнэт эрдэнэсийн сан бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын гэрч, баталгаа. Түүгээр зогсохгүй манай төр, ард түмний түүхийн ой санамж бол Үндэсний архивын сан хөмрөгт байгаа баримтууд гэдгийг олон хүн хэлдэг. Тиймээс бид түүх соёлын их өвдөө гүн хүндэтгэлтэй хандаж, хайрлаж хамгаалах учиртай. Ерөнхийлөгч Х.Баттулга ч “Түүхийн улбаа тээсэн нэг хуудас цаас ч Монголын хойч үеийнхэнд тонн тонн алтнаас үнэ цэнтэйг хүн бүр ухамсарладаг байх” хэмээсэн нь архивын сан хөмрөгт байгаа эд зүйлс бүр асар их үнэтэй, ач холбогдолтойн илэрхийлэл юм.
Монгол Улсын түүхийн шарласан хуудсыг хадгалан, сан хөмрөг бүрдүүлж буй Үндэсний төв архив нь АЕГ-ын үндсэн бүтцэд хамаардаг аж. Монгол төрийн ой санамж болсон энэ байгууллагын сан хөмрөгт хадгалж буй зарим үнэт өвийг уншигчдадаа танилцуулахаар тус газрыг зорилоо.
ЖАНРАЙСЭГИЙН ДУГАНД САН ХӨМРӨГӨӨ БҮРДҮҮЛЖ БАЙСАН ТҮҮХТЭЙ
Нэлээд хэдэн жилийн өмнө МУИС-ийн замын урд талд байрладаг байхдаа зориулалтын бус орчинд бичиг баримтууд хадгалж буй учраас орчны чийгшлийг нь хэвийн хэмжээнд байлгах гэж төмпөнтэй ус тавьчихсан, байшингийнх нь хана, тааз цуурч хэзээ мөдгүй нурахад ойрхон байв. Түүнээс хойш удалгүй ХЗДХЯ-наас архивын зориулалтын байр бариулах ажлыг санаачлан, нийслэлээс Буянт-Ухаад газар олгосон юм. Улмаар зориулалтын байр луугаа 2016 онд цагдаагийн хамгаалалт дор, ДХИС-ийн сонсогчдын тусламжтайгаар олон хоногийн турш нүүж байсан билээ. Өдгөө Буянт-Ухаа дахь цогцолбор байрандаа үзэсгэлэн ч дэлгэж, судлаач, эрдэм шинжилгээний ажилтнуудыг номын сандаа суулгаж, иргэдэд архивын лавлагаа өгч буй юм. Биднийг очиход АЕГ-ын дарга С.Энхбаатар угтаж, “ХХ зууны эхэнд Монгол оронд өрнөсөн хувьсгалын дараа Судар бичгийн хүрээлэн байгуулагдсанаар түүх, соёлын дурсгал, түүний дотор бичиг үсгийн өвийг сурвалжлан цуглуулах, хадгалан хамгаалах, эмхлэн цэгцлэх, судлан боловсруулах ажлын эхлэл тавигдсан байдаг. 
1924 онд батлагдсан “Судар бичгийн хүрээлэнгийн эрхлэх үйлдвэрийн товчоо” хэмээх тус байгууллагын дүрэмд “Монгол хэл дээр ба бусад олон улсын хэл дээр бүхий монгол үндэсний олон аймаг ба Монгол Улсын төрийн түүхэнд хамаатай эх бичиг, судрын зүйлийг цуглуулмуй”, “бусад зүйлийн эх түүхэнд холбогдох хуучин дурсгалын гэрч тэмдэг юмсыг олон цуглуулах ба сахин хамгаалмуй” хэмээсэн нь Монголын түүхэнд холбогдох бичиг үсгийн дурсгалуудыг цуглуулах, сахин хамгаалах талаар тодорхойлж өгсөн. 1925 оны долдугаар сарын 25-нд хуралдсан Судар бичгийн хүрээлэнгийн тэргүүлэгчдийн хурлаас улсын түүхэнд холбогдох хилийн чанад дахь хуучин архивын баримтыг сурвалжлан олж авах талаар төр, засгийн анхны шийдвэр гаргасан түүхтэй. Улмаар урт замыг морь, тэмээн хөсөг, автомашинаар туулж олон мянган гар бичмэл, судар, элдэв баримт, данс, хараа цуглуулан архивын сан хөмрөгийг баяжуулсан юм. Ингэж цуглуулсан баримтаа 1942 оноос Гандантэгчэнлин хийдийн Жанрайсэгийн дуганд хадгалж эхэлжээ. Улмаар 300 гаруй жилийн тэртээгээс хуримтлагдсан Монгол Улсын түүх, соёлын үнэт сан хөмрөг болох олон сая хуудас архивын задгай баримт бичгийг архив зүйн дагуу ангилан цэгцэлж, данс бүртгэл үйлдэж, ашиглалтад оруулсан нь манай үе үеийн архивчдын олон жилийн нөр их хөдөлмөрийн үр дүн байсан юм. Тэд зөвхөн салбартаа төдийгүй Монголын төр, ард түмэн, хойч үеийнхний өмнө түүхэн гавьяатай гэж хэлмээр байна” хэмээн үйл ажиллагааныхаа талаар танилцууллаа.
Монгол Улс, үндэстний түүхэнд холбогдох бүх төрлийн архивын баримтыг улсын хэмжээнд төвлөрүүлэн байнга хадгалах, ашиглуулах чиг үүргийг Үндэсний төв архив хэрэгжүүлж буй. Өөрөөр хэлбэл, түүх, эрдэм шинжилгээний ач холбогдолтой архивын баримтыг цуглуулах, тэдгээрийг сонгож, нягтлан шалгах, сан хөмрөгөө нөхөн бүрдүүлэх, архивын баримтыг зориулалтын байранд, зохих горимын дагуу хадгалах, сэлбэн засах, сэргээн шинэтгэх, хосгүй үнэт, үнэт баримтын нөөц хувьтай болох зэрэг үйл ажиллагааг тэд хийж хэрэгжүүлдэг юм. АЕГ-ын Буянт-Ухаа дахь цогцолбор бол орчин үеийн архивын байгууллагын олон улсын стандартад нийцсэн, сан хөмрөгөө хадгалах өрөөний чийгшил, дулааныг автоматаар тохируулдаг, галын аюулгүй байдлыг хангасан байр билээ.
ХАР БУХЫН БАЛГАСНААС ОЛДСОН ҮЙСЭН БИЧМЭЛ
Үндэсний төв архивт хадгалж буй түүх, соёлын хосгүй үнэт өв, баримт, элэгдэж, хуучирсныг нь хэрхэн сэргээн засаж буйг тус архивын захирал Т.Сайнжаргал танилцуулсан юм. Үндэсний төв архивт Монголын ард түмний амьдрал, хөгжлийн түүхийг тусгасан эрдэм шинжилгээ, нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын ач холбогдолтой бүх төрлийн архивын баримт хадгалж буй бөгөөд 1674 оноос хойших 1600 орчим хөмрөгт 1.3 сая гаруй хадгаламжийн нэгж баримт буй аж. Тэнд хадгалж буй түүхийн чухал, олны анхаарал татсан баримт болох даавуун дээр бичсэн гэрийн үеийн бичгийг уншигчид сайн мэдэж буй нь лавтай. Тодруулбал, модны цагариг мэт тойрог татаж хөтлөх аргаар 1905 онд үйлдсэн Халхын Сэцэн хан аймгийн хан, ван, бэйл, бэйс, гүн, засаг олон тайж нарын гэрийн үеийн бичмэл баримт юм. Энэ бичмэлд Халхын Гэрсэнз жалайр хун тайжийн тавдугаар хөвгүүн Аминдуралын ач хүү, 1577 онд төрсөн Сэцэн хан Шолойгоос эх авч, 1577 оноос 1905 он хүртэл 328 жилийн дотор төрсөн Сэцэн хан Шолойн удмын 13 үеийн 11 966 эрсийн нэрийг бичиж тэмдэглэсэн байдаг билээ. Уг бичмэлийг таван метр 30 см голчтой маажиндсан дүгрэг цагаан даавуун дээр хар, улаан бэхээр бичиж, төв хэсэгт нь Сэцэн хан Шолойн нэрийг байрлуулж, түүнийг тойруулан 11 хөвгүүнийх нь нэрийг бичиж, түүний дараа нэг үе эхлэх бүрт эрэгтэй хүүхдүүдийн нэрсийг бичсэн байдгийг уншигчид санаж буй биз ээ.
Энэ мэт түүхийн бичмэлийг 100 жилээр урагшлуулсан нэн ховор баримт Үндэсний төв архивын сан хөмрөгийн хосгүй үнэт зүйлийн жагсаалтад ордог юм. Т.Сайнжаргал захирал энэ талаар “Үндэсний төв архивт XVI зууны дунд үед холбогдох үйсэн номоос эхлээд Монголын түүхийн дөрвөн үед хамаарах баримт хадгалагддаг. Цаасан суурьтай баримтын хамгийн эртнийх 1674 оны Их жанжин төрийн бэйлээс Баруун хилийг төвшитгөх их ванд “Хол дахиныг амгалан болгож хулгайг арилгах” талаар илгээсэн бичиг буюу 350 жилийн өмнөх үеийн баримтыг хадгалж байдаг. Харин 2019 онд шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор А.Очир хувийн хөмрөгөөсөө хүлээлгэн өгсөн баримтыг хүлээн авснаар Үндэсний төв архивын баримтын он цаг 100 гаруй жилээр урагшилсан. Эл үйсэн номыг Хар бухын балгаст 2004-2011 онд хийсэн хээрийн малтлага, судалгаагаар олж илрүүлсэн юм билээ. Он цагийн хувьд 1570-аад онд хамаарах бөгөөд Халхын нутагт бичсэн морины судар, Шашны судар зэрэг баримт” хэмээн тайлбарлалаа.
ӨНДӨР ГЭГЭЭНИЙ ШҮНШИГЛЭСЭН ХАЛХЫН ТҮШЭЭТ ХААНЫ ТАМГЫГ НАРИЙВЧЛАН СУДЛАХ ШААРДЛАГАТАЙ
Архивыг зөвхөн цаас хадгалдаг газар гэж ойлгож болохгүй. Тэнд хадгалж буй нийт баримтын 76 хувийг цаасан суурьтай, 14 хувийг кино, гэрэл зураг, дуу дүрсний, 10 хувийг 1932 оноос хойших, улсын төсвийн хөрөнгөөр барьсан барилгын зураг төсөл эзэлдэг юм байна. 1921 оны хувьсгалаас өмнөх үеийн баримт бичгүүдийн дийлэнх нь муутуу цаас, цөөн тооных нь даавуун дээр бичсэн түүхэн чухал баримт аж. Тэдний дунд 1700 онд Манжийн хаанаас олгосон Халхын өндөр гэгээн Занабазарын шүншиглэж, аравнайлсан Халхын Очирбат Түшээт хааны тамга, 1824 оны Халхын 13 тамгатай хутагтын нэг, Засагт хан аймгийн Жалханз хутагтын тамга, алтан боронзоор бичсэн Алтангэрэл, есөн эрдэнээр төлөөлүүлэн бичсэн Тарвачинбу зэрэг судар хосгүй үнэт зүйлс Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй юм. Манж Чин улсын үеийн 1666-1895 онд хамаарах Эрдэнэ бишрэлт Засагт ханы болон Түшээт хааны тамга, Халх дөрвөн аймаг, хошуудын захирагчийн тамга, Халхын Засагт хан аймгийн Жалханз хутагт болон Сайн ноён хан аймгийн Эрдэнэ мэргэн ноён хутагтын шавь нарыг захирах тамга, Өөлд, Захчин, Мянгад хошууг захирагч бүгдийн даргын тамга, Халхын баруун гарын цэргийг захирах туслагч жанжны тамгыг ч хадгалж байна. Түүнчлэн жасааны хэргийг шийтгэгч засаг, туслагч нарын болон Дарьгангын сүргийн даргын тэмдэг, захирлага гэх мэт хосгүй үнэ бүхий 54 баримт буй аж. Үүнээс Халхын Түшээт хааны тамгыг Өндөр гэгээн Занабазар шүншиглэж алтан нөхөөс тавьсан байдаг аж. Уг тамганы суурийн хэмжээ 10.5х10.5 см, 4200 грамм жинтэй түүнийг хэрэглэж эхэлсэн хугацааг 1700 он гэж үздэг юм билээ. Гэхдээ үүнийг нарийвчлан судлах шаардлагатайг мэргэжилтнүүд өгүүллээ.
Мөн 1912 онд Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамнаас тусгаар тогтносон хаант Монгол Улс байгуулагдсаныг Англи, Франц, Бельги, Голланд зэрэг есөн улсад албан ёсоор зарласан бичиг, Ардын Засгийн газар болон Богд хааны эрх хэмжээг тогтоож, хэмжээт цаазат Засгийг байгуулсан тангаргийн гэрээ, Монголын хувьсгалчид Зөвлөлт Орос улсаас тусламж гуйж бичсэн бичгийн эх, 1924 оны БНМАУ-ын Үндсэн хуулийн бичмэл эх зэрэг олон ховор нандин баримт байгаа билээ.
ЦААСНЫ “МЭС ЗАСАЛЧ”-ДЫН АХУЙ ХАНГАМЖИД ТӨР АНХААРААСАЙ
Судар бичгийн хүрээлэн байгуулагдаж, архивын баримтыг цуглуулах болсон цагаас л Үндэсний төв архивт элэгдэж муудсан эд зүйл, бичиг цаас хуримтлагдсан аж. Тэдгээрийг судалгааны эргэлтэд оруулахын тулд сэргээн засварлах ажил тун чухал юм билээ. Тус архивын Сэргээн засах, сэлбэн шинэтгэх төвийн нэгэн өрөөнд ороход нэлээд залуус тусгай зориулалтын ширээнд суугаад муутуу цааснаа худам монголоор бичсэн бичгийг хуудас хуудсаар нь салган сайтар норгож байв. Эмчийнхтэй адил халаад өмссөн, гартаа мэс заслын хутга барьж, амны хаалттай суугаа тэднийг хараад цаасны “мэс засалч” гэж хэлэхэд хилсдэхээргүй санагдлаа. 30 нас ч хүрээгүй болов уу гэмээр бүсгүй, залуучууд энэ нарийн төвөгтэй ажлыг хийж, толгой өндийлгөхгүй шахам сууж байсан. Муутуу цаасыг сайтар норгосны дараа тусгай зориулалтын цавуу түрхэж, цоорол бүрийг нөхөж, улсынхаа түүхийг баталгаажуулж суугаа тэдний цалингийн зэрэглэл маш муу байгаа нь харамсалтай санагдсанаа нуух юун. Тэд цалингийн шатлал тогтоосон Засгийн газрын тогтоолоор “ТҮ-6” гэсэн ангилалд хамрагдаж, сард 600 гаруй мянган төгрөгийн цалин авдаг юм билээ. Өдөржин нэг өрөөнд сууж, хурц гэрэл ширтэн цаасны цоорхойг нөхөж, судалгааны эргэлтэд оруулж болохуйц болгох, түүхэн чухал баримтын эх хувийг байгаагаар нь авч үлдэх гэж ажиллаж буй тэдний ажил нүдний хараанд нөлөөлж, олон жил цааснаа хуримтлагдсан тоос шороо эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлж байгаа нь лавтай. Харамсалт
нь, тэдний цалингийн шатлалыг нэмүүлэх гэхээр салбар хариуцсанаас бусад яамныхан нь үл ойшоодог гэх юм билээ. Сэргээн засах, сэлбэн шинэтгэх төвийн ажилтнууд 2005-2020 оны зургадугаар сар хүртэлх хугацаад 401 185 хуудас баримтыг сэргээн засварласан гээд бодохоор Монголын түүхийн асар их бичмэл эхийг судалгаанд оруулж болохуйц болгосон байгаа юм. Архив байгуулагдсанаас хойш сэргээн засварласныг нь тооцвол асар их тоо гарах биз ээ. Тэд үндэсний түүхийн чухал эх сурвалж болсон цаасан суурьтай баримтуудыг бэхжүүлэхийн тулд 1998 онд ШУА-ийн Химийн хүрээлэнгийнхэнтэй хамтарч тусгай зориулалтын цавуу гаргуулан авч өдгөө үйл ажиллагаандаа ашиглаж буй юм билээ.
Манж Чин улсын үеийн, 1666-1895 онд хамаарах Эрдэнэ бишрэлт Засагт ханы,Түшээт хааны, Жалханз хутагт болон Сайн ноён хан аймгийн Эрдэнэ мэргэн ноён хутагтын шавь нарыг захирах тамгыг хадгалж байна.
Үндэсний төв архивынхан Ц.Цэвээндорж, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Дүүдий гэх хоёр хүнийг анх ЗХУ-д архивч мэргэжлээр сургаж, баримт сэргээн засварлах анхны боловсон хүчнээ 1962 онд бэлтгэж байжээ. Үүнээс хойш сэргээн засварлах мэргэжилтнээ тасралтгүй сургаж бэлтгэж байсан гэнэ. Өдгөө тус төвд БНСУ, Японд богино хугацааны сургалтад хамрагдсан залуус ажиллаж буйг Т.Сайнжаргал захирал тодотгов. Цаасан суурьтай баримтыг сэргээн засварлахад Үндэсний төв архивын Сэргээн засах, сэлбэн шинэтгэх төвийнхөн Монголдоо толгой цохидог юм билээ. Тус төвөөс гадна Үндэсний номын сан, Соёлын өвийн төвд цаасан суурьтай баримт сэргээн засварладаг аж. Сэргээн засах, сэлбэн шинэтгэх төвийнхөн цаашид ч тусгай төрлийн баримт буюу кино, дүрс бичлэг, хальс сэргээн засварлах гэх мэт төрлөөр нарийн мэргэшүүлж, тасралтгүй сургах шаардлагатай байгаа гэсэн.
Үндэсний төв архивт буй 300 гаруй жилийн өмнөх муутуу цаасан баримтууд анхны эх хувиараа сайтар хадгалагдаж буйг мэргэжлийн хүмүүс онцолсон. Харин өдгөө бидний өдөр тутамдаа хэрэглэдэг 70 , 80 гр-ын бичгийн цаасыг хадгалахад ч хоорондоо ялгаатай байдаг гэнэ. Тиймээс хууль, журам, стандарт шаардлагад төрийн албан хэрэг хөтлөлтийн явцад үүсэж байгаа байнга хадгалах баримтыг 80 гр-ын сайн чанарын цаасаар хэвлэхийг шаарддаг аж. Энэ нь удаан хугацаанд хадгалахыг эрмэлзэж буйтай холбоотой гэнэ. АЕГ-ынхан өөрийн сан хөмрөгтөө хадгалж буй хуучны данс бичгээ хадгалан хамгаалахаас гадна сан хөмрөгөө шинэ баримтаар байнга, тасралтгүй баяжуулахаар гадаад, дотоодод судалгаа их хийж байгаа аж. Агуу их эзэнт гүрэн байгуулж байсан манай улсын хувьд Монголын түүхийн гэрч баримт, өв сан хилийн чанадад олон газарт хадгалагдаж байгаа гэсэн. Тиймээс гадаад орнуудад хадгалж буй Монгол Улсын түүх, соёлд холбогдох архивын баримтыг илрүүлэн, эх хувь, хуулбар авч үндэсний архивын сан хөмрөгийг нөхөн бүрдүүлэхээр хичээж буй аж.
АЕГ-ын үйл ажиллагаатай танилцах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч “Архив бол үндэстний дархлааг хадгалах, төрийн санах ой болдог үндсэн хүчин зүйл мөн. “Зөөлөн хүч”-ний бодлого бол ямар нэг улс орон өөрийн оюун санаа болон хэл соёлын үнэт зүйлсийнхээ тусламжтайгаар нүдэнд үл үзэгдэж, гарт эс баригдах замаар бусад орны ашиг сонирхол, төлөв байдалд нөлөөлөх чадвар гэдгийг бид мэднэ. “Зөөлөн хүч”-ний бодлогод улсын тусгаар тогтнол, оршихуй, үндэсний онцлог, дархлаагаа хадгалахад эх хэл, эх түүх чухал нь дамжиггүй. Иймд манай архивын байгууллага Монголын “зөөлөн хүч”-ний хамгаалах болон довтлох бодлогыг хэрэгжүүлэх нэг гол байгууллага байх ёстойгоо ухамсарлаж ажиллах хэрэгтэйг онцлон дурдъя. Салхи мэт урсан өнгөрөх өдөр өдрийн үйл хэрэг сайнтай муутайгаа архивт л үлдэж ирээдүйд хүрдэг” хэмээсэн нь архивын байгууллагын үйл ажиллагааг төрөөс дэмжих ёстойг сануулж буй хэрэг биз ээ. Тиймээс Монгол төрийн ой санамжийг бүрдүүлж байдаг АЕГ, Үндэсний төв архивынхаа ажилтнуудын ахуй хангамж, боловсон хүчний залгамж халааг бэлтгэхэд төр анхаарах цаг иржээ.  
Эх сурвалж: Өнөөдөр сонин
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ