Улсын драмын эрдмийн театр, Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид хамтран Хэрэйдийн ханлигийн хан Тоорил ван ханы тухай "Тоорил хаан" түүхэн драмын жүжгийн театрын тайзнаа тавихаар ажиллаж байна. Уг жүжгийн зохиолыг Ардын уран зохиолч Т.Султан бичжээ. Харин жүжгийн ерөнхий продюсероор Ж.Нурбек, зөвлөх продюсероор УДЭТ-ын захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу, гүйцэтгэх продюсероор Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын дарга Ж.Сайгүлик, ерөнхий найруулагчаар УДЭТ-ын найруулагч М.Батболд, зөвлөх найруулагчаар Т.Тайф, хөдөлгөөний найруулагчаар УДЭТ-ын хөдөлгөөний найруулагч Д.Энхбаатар, тайзны зураачаар Х.Дастан нарын уран бүтээлчид ажиллаж байгаа.
Аймгийн Хөгжимт драмын театрын удирдлагаас өгсөн мэдээллээр одоо холбогдох бэлтгэл ажлуудыг хангаж байгаа ба Улаанбаатар хотоос Монгол Улсын Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Төрийн Соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар нарын хүмүүс Өлгий хотод иржээ. Жүжгийг ирэх сарын 23, 24-ний өдрүүдэд аймгийн Хөгжимт драмын театрын тайзнаа амилуулна. Харин ирэх жилээс Улаанбаатар хот болон Бүгд найрамдах Казахстан Улсад аялан тоглолт хийхээр төлөвлөж байна.