Энэтхэгийн Дели хотын агаарын бохирдлын асуудлыг хиймэл борооны тусламжтай шийдэх боломжтой гэж үзэж байна.
Энэтхэгийн байгаль орчны сайдын мэдэгдсэнээр, Энэтхэгийн эрх баригчид үүлэнд нөлөөлөх замаар хиймэл бороо оруулж, агаарын бохирдлыг бууруулах хувилбарыг авч үзэж байгаа аж.
Хэрэв энэ төлөвлөгөө Энэтхэгийн дээд шүүх болон холбогдох яамдын дэмжлэг авбал ирэх сар гэхэд цаг агаарын тохиромжтой үед хэрэгжүүлэх боломжтой аж.
Дели хотын утааны асуудлыг үүлэнд нөлөөлөх замаар шийдвэрлэхийг анх удаа санал болгож байгаа нь энэ биш. Гэхдээ өмнө нь энэхүү арга хэмжээ нь төвөгтэй бөгөөд өндөр өртөгтэй төдийгүй агаарын бохирдлыг бууруулахад үр дүнтэй гэдэг нь бүрэн дүүрэн нотлогдоогүй гэсэн байр суурийг баримтлагчид ялж байжээ. Тэд мөн байгаль орчинд энэ арга хэмжээ урт хугацаанд ямар нөлөө үзүүлэх нь тодорхойгүй хэмээн үзэж байв.
Дели хотын утаа олон улсын хэвлэлийн анхаарлын төвд орох түвшинд хүрээд байгаа тул Энэтхэгийн улстөрчид боломжит бүх шийдлийг эрэлхийлсээр байна.
Сүүлийн хоёр долоо хоногт Делигийн агаарын чанарын индекс тогтмол 450-иас дээш зааж байсан нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин давсан үзүүлэлт юм. Өнгөрсөн амралтын өдрүүдээр байгалийн жамаараа орсон бороо эл үзүүлэлтийг бага зэрэг бууруулсан ч даваа гарагаас эхлэн дахин амьсгалах аргагүй болжээ. Үүнд уламжлалт Дивали баярын үеэр ард иргэдийн их хэмжээгээр буудуулсан салют нэрмээс болсон байна.
Тус хотын агаарын бохирдлын асуудал жилийн турш тулгамддаг. Бүх төрлийн тээврийн хэрэгсэл болон үйлдвэрүүдийн хорт утаа тус хотын агаарын бохирдлын гол үүсвэр нь болдог байна. Ялангуяа, өвөл энэ асуудал улам хурцаар тавигддаг. Учир нь хөрш зэргэлдээх мужуудад тариаланчид ургацаа хураасны дараа тариалангийн талбайд үлдсэн хогоо шатаадаг байна. Салхигүй тул утаа сарнилгүй, тогтож үлддэг аж.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Дели хотын эрх баригчид сурагчдын амралтыг хугацаанаас нь өмнө эхлүүлж, барилгын ажлыг бүрэн зогсоогоод байна. Хотын захиргаа Дээд шүүх үүлэнд нөлөөлж, бороо оруулах санаачилгыг дэмжинэ гэж найдаж байна.
Делигийн эрх баригчид юу санал болгов
Төслийн төлөвлөгөөг Энэтхэгийн инженерийн шилдэг сургууль болох Энэтхэгийн технологийн дээд сургуулийн судлаачид боловсруулжээ. Төлөвлөгөө ёсоор, төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. Төслийн эхний үе шат 300 кв км талбайг хамрах аж. Ингэхдээ судлаачид хиймэл бороог энэ сарын 20-21-ий өдрүүдэд оруулахыг санал болгожээ. Учир нь эдгээр өдрүүдэд ийм ажиллагаа явуулахад цаг агаарын хувьд хамгийн тохиромжтой нөхцөл бүрдэх гэнэ.
Төслийн удирдагч Маниндра Агравалын хэлснээр, энэ өдрүүдэд тэнгэрт хэдэн зун км үргэлжилсэн үүл тогтох гэнэ.
Хиймэл бороо агаарыг үнэхээр цэвэршүүлэх үү
Хур тунадас нь агаарт тогтсон тоосонцруудын хэмжээг багасгахад нэмэр болох нь үнэн гэнэ. Ингэснээр, агаар илүү цэвэр, амьсгалах боломжтой болно гэж шинжээчид үзэж байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр орсон түр зуурын бороо агаарын бохирдлыг ихээхэн бууруулсан болохыг Дели хот бодит байдал дээр үзсэн. Харин хиймэл бороо хэр үр дүн үзүүлэх нь тодорхойгүй гэж шинжээчид анхааруулжээ.
Хараат бус шинжээч Полаш Мукержийн хэлснээр, агаарын чанарыг хянах, тоосны асуудлыг шийдэх зорилгоор дэлхийн бусад орнууд ч мөн үүлэнд нөлөөлөх аргыг туршиж байсан ч үр дүн нь түр зуурынх байжээ.
Хур тунадас агаарын чанарт хэрхэн нөлөөлж буйг харах юм бол үнэхээр агаарын бохирдлыг мэдэгдэхүйц буруулсан байдаг. Гэхдээ энэ үр дүн хоёроос гурав хоног үргэлжилдэг ба үүнээс хойш агаарын бохирдол өмнөх түвшиндээ эргэн очдог байна. Ийм богино хугацааны үйлчилгээтэй арга хэмжээний өртөг нь хямд биш гэдгийг Мукержи шинжээч сануулжээ.
Зарим шинжээчид энэ үйл явцыг хангалттай сайн судлаагүй хэмээн сэрэмжлүүлж байна. Үүлэнд нөлөөлөх замаар хиймэл бороо оруулснаар агаарын чанарын индекс хэр сайжрах талаар туршилтаар баталгаажуулсан судалгаа байхгүй гэж уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн шинжээч Абинаш Моханти онцолжээ.
Энэ арга хэмжээ урт хугацаанд ямар үр дагавартай болох талаар ч мэдлэг бага байна. Эцсийн бүлэгт байгалийн үйл явцыг өөрчилж байгаа тул нөхцөл, боломж хязгаарлагдмал байж таарна гэж тэрбээр тодруулсан байна.
Түүний хэлснээр, зөвхөн хур тунадас, салхины хурд зэрэг байгалийн хүчин зүйлсэд нөлөөлөх замаар агаарын бохирдлын асуудлыг шийдэх боломжгүй. Нэг удаагийн туршилтын шинжтэй арга хэмжээний оронд агаар дахь хүлэмжийн хийг бууруулахад чиглэсэн үр дүнтэй бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй гэж эрдэмтэн үзэж байна.
Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын 2/3 нь Энэтхэгийн хотууд
Энэтхэгт агаарын бохирдол олон арван жилийн турш асуудал болсоор иржээ. 2018 онд Дели хотын агаарын бохирдлын түвшин ДЭМБ-аас тогтоосон зөвшөөрөгдөх хэмжээнээс 20 дахин их байжээ. Агаарын бохирдол жилд нэг сая гаруй хүний аминд хүрэх аюултай хэмээн тус байгууллага сануулж байв.
“Greenpeace” байгууллагын 2019 оны тайланд дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой арван хотын долоо нь Энэтхэгийн хот болохын дурдаж байжээ. Олон улсын “IQAir Visual” байгууллагын мэдээллээр, энэ оны гуравдугаар сарын байдлаар Энэтхэг улс агаарын бохирдлын түвшингээр дэлхийд тэргүүлж байв. Бхивади хот Энэтхэгийн хамгийн их агаарын бохирдолтой хотоор тодорсон бол дэлхийд энэ үзүүлэлтээр гуравт жагсаж байна. Тус байгууллагын бодит цагаар гаргасан дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын жагсаалтыг Шинэ Дели хот энэ сарын 4-нд тэргүүлж байв.
Чимээгүй үхэл
Шинжээчид агаарын бохирдлыг чимээгүй үхэл хэмээн нэрлэдэг. Агаарын бохирдол нь архи, тамхинаас ч илүү эрүүл мэндэд аюултай болохыг дэлхий дахинд анхааруулсаар байна.
ДЭМБ-ын мэдээллээр, агаарын бохирдлын улмаас дэлхийд жилд долоон сая хүн нас барж байгаагаас 200 мянга орчим нь хүүхдүүд. Чикагогийн их сургуулийн эрдэмтэд агаарын бохирдол хүн амын дундаж наслалтыг богиносгох аюултай болохыг тогтоожээ.
Zindaa.mn