Дундговь аймгийн баруун бүсийн сумдын хөгжлийн бэрхшээлтэй иргэд 11 дүгээр сарын 3-нд "Хамтдаа хөгжье" уриан дор чууллаа. Дундговь аймгийн хэмжээнд 1415 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 37,4 хувь нь аймгийн төвд, 62,6 хувь нь хөдөө орон нутагт амьдардаг. Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт ХБИ-ийг нийгэмшүүлэх, оролцоог нэмэгдүүлэх, хүртээмжийг сайжруулах чиглэлээр хэд хэдэн ажлыг зохион байгуулахаар төлөвлөсний дотор Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв байгуулах, чуулган, уралдаан тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Энэхүү бодлогын хүрээнд аймгийн ЗДТГ, ХХҮГ, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, “Их үйлсийн бүтээмж” ХХК, Эрдэнэдалай сумын ЗДТГ, “Гэрэлтдэг ертөнц” ТББ хамтран тус чуулганыг зохион байгуулсан бөгөөд Сайнцагаан, Дэлгэрцогт, Дэлгэрхангай, Хулд, Эрдэнэдалай сумын хөгжлийн бэрхшээлтэй 70 гаруй иргэн оролцож, “Асуудлаас боломж” сэдвээр хэлэлцэн, “Өсөх хандлага” хувь хүний хөгжлийн сертификаттай сургалтад хамрагдан, даам, суугаа волейбол зэрэг спортын төрлүүдээр өрсөлдөн авхаалж самбаа, ур чадвараа сорьжээ.