Хүүхдийн эрхийг хангах, хамгаалахтай холбоотой сонсгол өнөөдөр /2023.10.25/ Төрийн ордон эхлээд байна.
УИХ-ын нэр бүхий 20 гишүүн хүүхдийн эрхийг хангах, хамгаалахтай холбоотой нээлттэй сонсгол зохион байгуулах хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлсэн байна. Энэ дагуу УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж, сонсголын товыг тогтоож, сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийг томилжээ.
Сонсголд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Л.Мөнхзул илтгэл тавьсан юм. Энэхүү илтгэлд дурдсанаар Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээгээр үйлчлүүлэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэх болжээ. Тодруулбал, 2020 онд Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээгээр үйлчлүүлэгчдийн тоо 3630 байсан бол 2021 онд 4573 болсон нь өмнөх оноос 25.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Хохирогчийг дахин хүчирхийлэлд өртөхөөс хамгаалах, чадавхжуулах, хямралын үйлчилгээ үзүүлэх чадамжгүй, хүчирхийлэл үйлдэгдэж буй орчноос хохирогчийг тусгаарлан байрлуулж, хоол хүнс, ариун цэврийн хэрэгслээр хангах зэрэг үйлчилгээ нь аргацаах байдлаар явж байна.
Сонсголын үеэр хуульч өмгөөлөгч н.Буянжаргал хүүхэд хамгааллын чиглэлээр гарч буй алдаа, цаашид авах арга хэмжээний талаар дараах асуудлыг хөндлөө.
Хүүхдийн эрхийг хангах, хамгаалах хуулиуд хангалттай байгаа ч энэ чиглэлээр ажилладаг төрийн байгууллагуудын уялдаа холбоо сул, эргээд ажил хариуцаж байгаа хүмүүст хариуцлага тооцох тогтолцоо сул байна. Тухайлбал, 2017 оноос хойш хүүхэд хамгааллын 108 утас, хамтарсан баг, түр хамгаалах байрууд ажиллуулдаг болсноор хүүхдийн эрхийг хангах чиглэлд дэвшил гарсан мэт харагдах ч хангалтгүй ажиллаж байгаа кэйсүүд олон байна.
Жишээ татвал, хүүхэд хамгааллын 108 утсанд өнгөрсөн дөрөвдүгээр сард “Манай хүүхдийг ээж нь хаяад явсан байна. Хамгаалалтад авч өгөөч. Би аав нь байгаа юм, гадаад явж байна” гэж дуудлага өгчээ. Гэвч тус холбогдох газраас ар гэр рүү нь энэ аравдугаар сард холбогдож, “Би сая ажил авсан юм. Танай хүүхэд яасан бэ” гэж асуужээ. Золоор тухайн хүүхэд дээр эрсдэл бага байсан тул эрхийн зөрчил гараагүй. Гэхдээ ийм тохиолдол өөр нэг хүүхэд дээр тулгарч, амь нас, эрүүл мэндэд нь эрсдэл учирсан бол яах вэ гэдэг асуудал хөндөгдөж буй. Учир нь, зургаан сарын хугацаанд ямар ч арга хэмжээ аваагүй.
Хүүхдийн 108 утсанд дуудлага мэдээлэл өгдөг ч яаж шийдсэн нь тодорхойгүй. Ажилтан дуудлага мэдээллийг хүлээн аваад цааш нь л дамжуулдаг, ямар арга хэмжээ авсан нь мэдэгддэггүй. Хүүхэд дээр эрсдэл учирсан нөхцөлд тухайн өдөр ажил хариуцсан ажилтанд хариуцлага хүлээлгэх зохицуулалт байдаггүй.
Хүүхдийн эрхийг хамгаалах хамтарсан баг ажилладаг. Хамтарсан багт хорооны нийгмийн ажилтан, өрхийн эмч, хорооны цагдаа нарт багтдаг байна. Гэвч цалин хөлс урамшуулалгүй ажилладаг.
Аймаг, нийслэлийн дүүрэгт бүрт Түр хамгаалах байр ажилладаг ч сэтгэл зүйчгүй, мөн мэргэшсэн нийгмийн ажилтангүй байна. Үүнээс болж, эрх нь зөрчигдсөн хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх боломжгүй зэрэг асуудал тулгарч буй аж.
Мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлагыг эмэгтэйчүүд голдуу өгдөг. Хуулиараа жинхэнэ хохирогч нь хэн юм бэ гэдэг дээр нотлох баримт цуглуулаад ажиллах ёстой байтал жинхэнэ зөрчил үйлдээд байгаа хүнийг нь үлдээгээд хүүхдийн эрхийг хамгаалж чаддаггүй тохиолдол маш их байна. Хууль мэдэхгүйгээсээ болоод торгуулийн ял авах тохиолдол олон. Хэрэв гурван удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээдэг.
Мөн иргэний журмаар гэр бүл цуцлуулах асуудал үүсдэг. Гэтэл эмэгтэйчүүд өөртөө ашигтай давуу байдал бий болгох зорилгоор буюу хүүхдээ өөр дээрээ авах, хөрөнгө мөнгө авах зорилгоор эргээд хүчирхийлэл үйлдэх тохиолдлууд гардаг. Цагдаа жинхэнэ хүчирхийлэл үйлдэгчийг нотлох баримтад үндэслэн зөв тогтоох ёстой ч чаддаггү. Түүнээс болж, хүчирхийлэгч нь хариуцлага хүлээхгүй, гэм зэмгүй өнгөрч харин ч гэм зэмгүй нь хуулийн хариуцлага хүлээх тохиолдлууд гарч байна.
Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлийн мэдээллийн удирдлагын нэгдсэн системийг бий болгох шаардлагатай. Учир нь, орон нутагт байхдаа гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан хүүхдийн гэр бүл нийслэлд шилжин ирээд, үйлдэл дахин давтагдахад тухайн хүүхдийг хамгаалах тогтолцоо сул байна.
УИХ-ын гишүүн П.АНУЖИН: Ийм төрлийн сонсголыг бид зөндөө хийсэн. Гурван жилийн турш Байнгын хорон дээр хийсэн, төрийн байгууллагууд хариулсан. Сонсголд оролцож байгаа хүмүүс болохгүй байгаа зүйлийг асуугаасай гэж та бүхэнд цаг өгч байна. Түүнээс биш улиг болсон асуулт хариултаа больё, ийм юмаар ч Монгол Улс дутаагүй, хүүхдийн эрх хангагдахгүй. Хүүхэд хамгаалал гэдэг бол маш олон талын асуудал. Би хоёр зүйлийг хэлэхийг хүсч байна.
Зөвхөн хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг, түүний шийдэх гарц камерын асуудал биш. Бид маш явцуу тодорхойлоод байгаа учраас өнөөдрийн оролцогчдын олонхийг хуулийнхан эзлээд сууж байна гэж хэлсэн нь үнэн шүү дээ.
Хүүхэд хамгааллын асуудал бол хүүхдийн хоолны шим тэжээлийн асуудал. Хүүхдийн ихэнх цагаа өнгөрөөж байгаа цэцэрлэг, сургууль дахь агаар орчны бохирдлын асуудал. Хүүхдийн эрүүл мэндийн асуудал. Өдий төдийгөөрөө өвдөөд, Монгол Улс эмчилж чадахгүй гээд гараа өргөчихөөд байгаа хүүхдүүдийн эцэг, эхийг хэрхэн дэмжиж, нэг ч гэсэн монгол хүүхдийг эрүүл болгох вэ гэдэг асуудал. Хүүхдийн сэтгэл зүй эрүүл байна уу гэдэг асуудал. Энэ асуудалд өнөөдөр хариулах эрх бүхий хүн энд алга. Олон том юм ярьж байхын оронд Монгол хүний эрүүл мэндийн үндэс болсон, үндэсний аюулгүй байдлын асуудал болсон сургууль, цэцэрлэгийн хүүхдийнхээ аягахан хоолоо бид нар хүрэх ёстой калорьт нь хүргэж болдоггүй юм уу. 1500 төгрөг арай гэж болгосон, 3000 төгрөг болгож байж, 35 хувь нь хангагдана. Энийг бүгдээрээ уриалга болгоод шийдье л дээ. Нийгэмд асуудал болохоор л хойноос нь хөөж явж байдаг. Манлайлаад асуудлыг гаргаж ирэх ёстой. Гаргаад ирэхээр дэмжихгүй байна. 1500 төгрөгийг 3000 болгох асуудлыг үндэсний хэмжээнд тавих ёстой. Ирээдүйн монгол хүний эрүүл мэндийн суурь асуудал.
Контентын асуудал. Н.Учрал гишүүн маш тодорхой хэлж байна, контентыг хүнд хүрч байгаа эсэхийг үнэлэх боломжгүй байдаг гэж… Нийгэмд гарч байгаа эерэг өөрчлөлтөөр энийг хэмжиж болно. Хууль сурталчлах гэж өөрсдийнхөө бузар булайг хааж хэвлэлийнхэнтэй гэрээ хийдэг мөнгөө боль. Хийсэн контентыг чинь хэн үзэж, хэн гэгээрээд байгаа юм. Хаана эерэг өөрчлөлт гараад байгаа юм бэ. Энэ мэтчлэн хуулийн дор худлаа гардаг төсвөө боль. Ялангуяа Соёлын яам.
Хүүхдийн хоолны асуудал зөвхөн Боловсролын сайдын асуудал гэж үздэгээ боль. Сангийн яам мөн шийдэх асуудал гэв.
Г.ХОРОЛ
News.mn