Аймгийн Засаг даргын Тамгын газраас хүүхэд хамгааллыг дэмжих ажлын хүрээнд албан хаагчдынхаа бага насны хүүхдүүдэд зориулсан өрөөтэй боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 60 дугаар зарлиг, Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тогтоолоор албан байгууллагуудыг дэргэдээ хүүхдийн өрөөтэй байхыг үүрэг болгосон байдаг. Энэ дагуу 2-11 насны хүүхдүүдийг ажлын өдрүүдээр саатуулах, хөгжүүлэх, амраах зориулалтын хоёр өрөөг тохижуулсан байна.
Албан хаагчид бага насны хүүхдээ айлд, эсвэл гэрт нь хараа хяналтгүй орхих биш дэргэдээ зориулалтын өрөөнд, аюулгүй орчинд байлгах боломж бүрдэж байгаа юм. Аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, алба хаагчид 18-аас доош насны нийт 151 хүүхэдтэйгээс 2-11 насны 54 хүүхэд байна.