Аравдугаар сарын 5-нд буюу багш нарын өдрөөр Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажил хаялт зарлах болсон талаараа мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэд: " Багшийн цалинг 1000 ам.долларт хүргэхийг шаардан, ажил хаялт зохион байгуулна. Уг ажил хаялтанд 150 сургууль нэгдэхээ илэрхийлээд байна. 1990 оноос хойш багшийн цалин доллартай харьцуулбал огт өсөөгүй. 300 долларт л эргэлдэж ирсэн. Одоо 350, 360 орчим доллартай байна. Ийм цалингаар багшийн ажлыг хийнэ гэдэг ямар ч боломжгүй. Монголоос ядуу эдийн засагтай улс хүртэл багш нараа 800 долларын цалинтай болгочихсон байна.Багшийн цалинг 3 жилийн дотор үе шаттайгаар 1000 ам.долларт хүргэх шаардлага тавьж байна. Сургуулийн үйлчлэгч, тогооч нарын цалин 750 мянган төгрөг л хүрч байгаа. Багш, жижүүр хүртэл олдохоо больж, сургууль эзгүйрэх цаг ойрхон байна.
Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд Л.Энх-Амгалангийн хэлж байгаа цалинг авдаг нэг ч багш байхгүй. Багшийн цалин бол хуримтлал үүсгэх хэмжээнд биш. Амиа зогоох төдийд байж байна. Багш нарын амьдрал хүнд байна. Яагаад багш нарыг ингэж амьдруулах ёстой юм бэ? Одоо ерөөсөө больё, үндсэн цалингаа л нэм.
Багш нарыг амиа зогоох төдий мөнгөөр хуураад яваад байж болохгүй. Өөрсдөө болохоор 40 тэрбум төгрөгийг бага мөнгө шдээ гэж байна. Ийм шударга бус байж болохгүй. Багшийн сургуульд үнэ төлбөргүй сургаад ч төгсөгчид нь багш болохгүй. Авдаг цалин нь ийм байхад би багш хийхгүй ээ гээд л зогсож байна. Түүний оронд багшийн цалинг өндөр болгочих. Тэгвэл хамгийн сайн хүүхдүүд шуураад л ороод ирнэ. Ийм юм ойлгохгүй толгой энэ дээр сууж байна гэж байхгүй. Энэ бол зохион байгуулалттай, Монголын боловсролыг улам дордуулах үйл ажиллагаа гэж үзэж байна " гэв.