Улсын Дээд шүүхээс байсхийгээд улс төрийн намын бүртгэлтэй холбоотой мэдээлэл гаргах юм. Ихэнхдээ “Намын бүртгэлтэй холбоотой өргөдлүүдийг буцаав” гээд л сүртэй нь аргагүй мэдэгдсэн байх. Тэр дотор зоолттой ганцхан нам л босгоны цаана өвдөг нь шороотой үлддэг болоод удлаа.
Улс төрийн хүрээнийхэнд шоовдорлогдож буй энэ нам бол УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуугийн үүсгэн байгуулсан Ардын чуулган нам гэдгийг одоо найман настнаас наятай буурлууд ч мэддэг болсон биз ээ. Улсын Дээд шүүх яагаад бүртгэхгүй байгаа нь сонин. Гар харж гацаасан уу, аль эсвэл эрх баригчдын зүгээс “Ш.Сайхансамбуугийн намыг битгий бүртгээрэй” гээд үүрэг чиглэл өгчихсөн юм уу. Шулуун шударга зантай, эх оронч болохоор нь МАНАН бүлэглэлийнхэн айгаад байна уу. Тэгээд цаадахыгаа улс төрд бүү оруул, ороод ирвэл цаанадаж Ерөнхий сайд өлхөн болчих гар, наана гэхэд Хотын даргын суудалд заларчихаж мэдэх нөхөр шүү гээд намынх нь бүртгэлд хориг тавиулаад байгаа юм уу. Тиймгүй бол өчнөөн жил, сараар хойшлуулмааргүй санагдана.
Энэ хооронд түүнтэй хамт намаа бүртгүүлэхээр хөөцөлдөж, хэдэнтээ буцаагдаж явсан УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл Иргэдийн оролцооны намаа бүртгүүлчихлээ. Туул голыг хамгаалахад тууштай зүтгэж ирсэн тэмцэгч, сүүлд Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон өдгөө ажиллаж байгаа Б.Жагар мөн хэдэнтээ буцаагдсаны эцэст Сайн иргэдийн нэгдсэн намаа мөн бүртгүүлчихсэн. Шинэ намууд ийнхүү удаж удаж Улсын Дээд шүүхийн босгыг давснаар өнөөдөр манай улсад албан ёсны бүртгэл бүхий 37 улс төрийн намтай болчихоод байгаа.Гэтэл Ш.Сайхансамбуугийн нам л бараа сураг байдаггүй. Бүртгүүлэхээр өгсөн бичиг, баримт нь байнд ч үгүй, банзанд ч үгүй гэж буцсаар өнөө хүрлээ.
Уг нь түүнд нам байгуулсан туршлага бол хангалттай бий. Тодруулах юм бол Ц.Отгонбаатарын Үнэн ба Зөв намын ардах нууц ноёнтон нь түүнийг гэж хэвлэлүүд хэсэгтээ л шуугисан. Биш ч гэж мань эр хэлээгүй. Ямар ч байсан тэр хоёр TV-10 телевизийн хойморт эр хоёр загал шиг зэрэгцэж сууж байгаад нэвтрүүлэг хөтөлж, Үнэн ба Зөв намын үзэл баримтлалыг олон нийтэд сурталчилж байсан нь маргахын аргагүй үнэн. Гэтэл сүүлд Ц.Отгонбаатар нь Үнэн ба Зөв намын дарга болон тодорч томорсоор, бөхөөр бол засуулаа хаяад дэвээд алга болсон. Тухайн үед хүмүүс “Ш.Сайхансамбуугаас намыг нь аваад зугтжээ” гэж хэсэгтээ шуугисан.
Ш.Сайхансамбуу харин хэвлэлээр ярихдаа “Би Отгонбаатарыг зөв шударгын төлөө тэмцэж яваа залуу юм байна гэж бодож, нам байгуулахад нь туслалцаа үзүүлсэн юм. Намаа бүртгүүлэх бичиг баримт боловсруулахад нь зааж зөвлөсөн” гэснээс өөрийг хэлээгүй. Хамаг юмаа алдсан ч гэлээ эрийн жудаг, юм үзэж нүд тайлсан хүний нүнжиг гаргаж тийнхүү шийр заасан уу. Үнэхээр тийм юм болоод өнгөрсөн үү. Эсвэл мань эр нэрэлхээд тэгж мэдэгдсэн үү, аль нь болохыг далдын хар малгай өмсөөд дагаж яваад харсан биш хэн мэдлээ.
Үүнээс үзвэл Үнэн ба Зөв намыг байгуулалцсан туршлагатай Ш.Сайхансамбуугийн сүүлийн хэдэн жил Дээд шүүхэд бүрдүүлж өгөөд байгаа Ардын чуулган намыг бүртгэхгүй байх үндэслэл байхгүй л харагдаад байгаа юм даа. Тийм учраас “Ш.Сайхансамбуу нам байгуулж болохгүй, бусад нь болно гэж хэн команд өгсөн юм бэ” гэдэг асуулт аяндаа гарч ирээд байна.
Ч.ЗОТОЛ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН