Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БАЯН-ӨЛГИЙ: Нутгийн 10 орчим хувьд нь малын өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой

Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс зуншлагын байдлын судалгааг энэ сарын 20-ны өдрийн байдлаар гаргалаа. Судалгаанаас харахад нийт нутгийн 20 орчим хувьд нь зуншлага хэвийн, 80 гаруй хувьд нь дунд зэргийн буюу гандуу байна. Энэ жил нутгийн баруун өмнөд болон зүүн зүгийн нутгаар зуны турш гандуу болон гантай,  сэрүүн, ялангуяа 7 дугаар сард олон жилийн дунджаас 1.1-3.7 хэмээр сэрүүн, өдөр шөнийн температурын хэлбэлзэл ихтэй байсан нь бэлчээрийн ургамлын ургалтад таагүй нөлөөлж, нэгжийн ургац арви муутай гарч бэлчээрийн даац хэтрэх үндсэн нөхцөл болсон гэж үзжээ. Харин хур тунадас хангалттай орж, зуншлага сайн байсан зарим нутагт даац хэтэрсэн үзүүлэлттэй байгаа нь малын тоо их байгаатай холбоотой байна.

Аймгийн нийт нутгийн бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн 4 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 6 хувьд нь бэлчээр хүрэлцээтэй, 30 хувьд нь даац 1-3 дахин хэтэрсэн, 15 хувьд нь 3-5 дахин, 45 хувьд нь бэлчээрийн даац 500,1 хувиас их буюу олон дахин хэтэрсэн аж.

Өөрөөр хэлбэл аймгийн дүнгээр нийт нутгийн зөвхөн 10 орчим хувьд нь мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж дүгнэсэн байна. Жишээлбэл, Алтанцөгц сумын нийт нутаг, Алтай сумын Хар нуур, Улаан хад, Ногооннуур сумын Цагааннуур, Бахлаг, Ховд, Дэлүүн сумын  5 дугаар баг, Цэнгэл сумын 8 дугаар баг, Толбо сумын 1, 5 дүгээр баг, Баяннуур сумын Цагаан хөшөө, Хавтгай хашаа, Баясгалангийн тал, Нуурын хөвөө, Булган сумын  Хужирт, Сөнхөл, Улаанхус ,Сагсай сумын Даян, Цагаан асгат, Хар чулуут, Бугат сумдын ихэнх нутагт бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндрэхээр байгаа. Иймээс малчид өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн боломж муутай тул хил залгаа аймаг, сумдын нутагт отор нүүдэл хийх, хадлан тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр малын өвөлжилт, хаваржилтын ажилд эртнээс анхаарч зохицуулах шаардлагатай байгааг мэргэжлийн хүмүүс зөвлөж байна.  
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ