Энэ онд 100 жилийн ой нь тохиож буй хэд хэдэн аймаг бий. Тэдгээрийн нэг нь Төв аймаг. Тус аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар өмнө нь орлогчоор ажиллаж байсан нэгэн.
Түүний баг аймгийнхаа 100 жилийн ойд анхаарлаа хандуулаад бусад ажлыг хойш тавьсан бололтой.
Учир нь сүүлийн өдрүүдэд ил болоод байгаа Засгийн газрын тусгай сангуудаас харахад Төв аймгийн тухайд багагүй зээлийг буцааж төлөөгүй өртэй байна.
Тухайлбал Хөдөө, аж ахуйг дэмжих сангаас л гэхэд 2012 оноос 1 тэрбум 294 сая 872 мянган төгрөг аваад өнөөг хүртэл төлөөгүй явна. Ингэхдээ ихэнх нь Төв аймгийн Хүнс, хөдөө, аж ахуйн газар, ЖДҮГ зэрэг газар зээл авч дамжуулсан аж. Мөн мань Засаг дарга Д.Мөнхбаатарын хамгийн их хамааралтай Баянчандмань сум ч дутахааргүй их хэмжээний зээлийг нь эзэлж байна.
Д.Мөнхбаатарын хувьд Баянчандмань сумаас АИХ-д сонгогдсон төлөөлөгч. Тэр ч утгаараа мань хүн сумандаа багагүй анхаарал хандуулдаг гэгддэг. Харин энэ удаа аймаг “толгойлж” байхдаа Засгийн газрын сангийн төлбөрийн үлдэгдлийг үл тоож байгаа нь эргээд тэдгээр зээл авсан хүмүүсээ авлигадсан юм биш биз гэх хардлагыг ч төрүүлж буй юм.
Хэдий зээл авсан иргэн, аж ахуйн нэгж гэрээ байгуулсан ч гэлээ аймгийнхаа нэрээр олгуулсан тул тодорхой албан тушаалтнууд эс бөгөөс эрхэм Засаг дарга нар татвар төлөгчдийн хөрөнгийг гарынхаа салаагаар урсгаж, өөрсдийн шат ахих гишгүүр мэт ашигламааргүй байна.