Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт багийн “Цав хангай” гэдэг газар олон байшин шатсан томоохон гал гарчээ. Аймгийн онцгой байдлын газарт анх 2 давхар цайны газрын барилга шатаж байна гэсэн дуудлага өчигдөр /2023.04.02/ 16:41 цагт иржээ.
Нийслэлийн Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн У-ын 8х10 метрийн хэмжээтэй зоогийн газрын 2 давхар барилга шатсаны улмаас иргэн Т-ын 20х14 метрийн хэмжээтэй дэлгүүрийн 1 давхар барилга, иргэн О-ын 12х14 метрийн хэмжээтэй дэлгүүрийн 2 давхар барилга, иргэн Э-ийн 10х11 метрийн хэмжээтэй зоогийн газрын 2 давхар барилга тус тус шатаж дууссан байжээ. Харин иргэн Г-ын 8х9 метрийн хэмжээтэй зоогийн газрын 2 давхар барилга, иргэн Г-ийн 3х6 метрийн хэмжээтэй “Дугуй засвар”-ын 1 давхар барилга шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан байна. Галын улмаас нийт 6 барилга шатжээ.
Төв аймгийн төвөөс баруун хойд зүгт 153 км-т, Улаанбаатар хотоос баруун зүгт 100 км-т дээрх гал гарсан байна.