Улаанбаатар хотод Нарангийн энгэр, Цагаан даваа, Морингийн даваа гэсэн төвлөрсөн хогийн гурван том цэг байдаг. Үүнээс гадна зуслангийн бүсүүдэд хур хог хаях цэг бий. Гэтэл иргэд, аж ахуй нэгж байгууллагууд зөвшөөрөлгүй газар барилгын болон бусад хог хаягдлыг төвлөрүүлэн, хур хогийн цэг үүсгэх асуудал гардаг. УБЗАА-наас 2022 онд хур хог үүссэн 10 орчим байршлыг цэвэрлэж, зөөвөрлөсөн бол энэ жил тус ажлаа үргэлжлүүлэхээр судалгаа хийж байгаа юм байна.
Тухайлбал, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орших үерийн далангийн хувьд ойролцоогоор хоёр га газрыг хамардаг бөгөөд томоохон компаниуд барилгын хог хаягдал, их хэмжээний шороог зөөвөрлөн асгажээ. Ийм байдлаар хур хогийн цэг үүсгэсэн иргэн, аж ахуйн нэгжид шаардлага хүргүүлэн цэвэрлүүлэх, цаашлаад бичил цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулахаар төлөвлөгөөнд тусгахаа УБЗАА-ныхан хэлж байв.
Мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар 2023 онд найман удаагийн их цэвэрлэгээ хийхээр төлөвлөсөн. Хот тохижилтын газраас нийтийн эзэмшлийн гудамж талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламжийн тохижилтын ажлыг хариуцдаг бөгөөд гэр хорооллын гудамж талбайг цэвэрлэх хүн хүч дутмаг байгаа гэнэ.
НИТХ-ын 2012 оны 61 дүгээр тогтоолд иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, арчилгааг хариуцахаар журамласан. Тиймээс хороо бүрд ажилладаг хог хаягдлын олон нийтийн байцаагч нар айл өрх, иргэдийн бүлэгтэй хамтран уг журмыг мөрдөж, цаашид гудамж, хашааныхаа ойр орчмын 50 метр хүртэлх талбайн хог хаягдлыг цэвэрлэхийг УБЗАА-наас уриалж байлаа.