Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2023 онд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнах, барих загасны дээд хязгаарыг тогтоолоо. Үүнд Алтай суманд (Сагсай гол) 150, Алтанцөгц, Буянт, Бугат, Улаанхус, Цэнгэл, Ногооннуур, Баяннуур, Сагсай, Өлгий суманд (Сагсай, Ховд гол) тус бүр 100, Дэлүүн (Тал нуур), Толбо (Толбо нуур) суманд тус бүр 500, нийт 2000 ширхэг загасыг ахуйн зориулалтаар барихыг зөвшөөрсөн байна. Харин Толбо сумын нутаг дэвсгэр дэх Толбо нуураас 15 тонн нохой сугас, шар сугасыг үйлдвэрлэлийн зориулалтаар агнах аж.
Загас барих зөвшөөрлийг харьяа сумын байгаль орчны байцаагчаас авах бөгөөд нэг иргэнд 10-аас доош тооны загасыг ахуйн зориулалтаар барихыг зөвшөөрдөг. Ахуйн зориулалтаар барих нэг загасны үнэлгээ 1000 төгрөг, үйлдвэрлэлийн зориулалтаар агнах загасны нэг бүрийн үнэ 800-1000 төгрөг байна. Олсон орлогыг сумын төсөвт төвлөрүүлэх ба 50 хувийг нь тухайн агнуурын бүс нутгийн амьтны амьдрах орчныг нөхөн сэргээх, тэтгэх, агнуурын амьтны судалгаа, мониторинг хийх зэрэг үйл ажиллагаанд зарцуулах ажээ.
Ташрамд сануулахад, загасыг түрсээ шахах үржлийн үед нь агнахыг Амьтны тухай хуулиар хориглосон. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэр дэх гол нууруудад идээшин нутагладаг алтайн сугас загасыг жил бүрийн 6 дугаар сарын 15-ны өдрөөс 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, монгол хадранг жил бүрийн 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл агнах хориотой байдаг.