Хуурай уур амьсгалтай шороогоор байнга шуурдаг, ногоон байгууламж муу, өвөлдөө агаарын бохирдлын хэмжээ өндөр манайх шиг хотод гэрт заавал байх ёстой ургамал бол Мөнхрөө юм.
Түүнээс гадна wifi нь та бидний амьдралд маш их үүрэг гүйцэтгэдэг хэдий ч эрүүл мэндэд асар их хор хохирлыг учруулж байдаг. Тэгвэл тэрхүү хорт цацрагийг саармагжуулж, амьсгалах, амьдрах агаарын орчныг мөнхрөө цэвэрлэдэг байна.
Мөнхрөө цэцгийн нэгхэн ширхэг навч нь нэг цагт 0,938 микрограмм агаарын бохирдлыг цэвэршүүлдэг.
Бэлгэдэл: Эрүүл энх, урт удаан наслахыг бэлгэддэг. Мөн аливаа муу зүйл, хэл амнаас хамгаалдаг учир гэртээ болон албан байгууллагууд үүдний хэсэгт байрлуулдаг.
Орчинд үзүүлэх нөлөө: Агаарыг хамгийн сайн цэвэршүүлдэг ургамал юм. Мөн гэр болон албан тасалгаа , зочид буудлын интерьерт гайхалтай зохицдог тул чимэглэлийн зориулалтаар түгээмэл ашигладаг. 24 цагийн турш хүчилтөрөгч ялгаруулдаг цөөн цэцгийн нэг бөгөөд унтлагын өрөөнд байршуулж болно.
Арчилгаа: Тасалгааны нөхцөлд маш тэсвэртэй, арчилгаа бага шаарддаг. Нэг метр гаруй өндөр болдог. Хэрэв навч хэт өндөр ургаж биеэ даахаа больж унах үед тулгуур хийж уях хэрэггүй. Хөгширсөн навчийг угаар нь хайчилж авах хэрэгтэй. Шинэ навчнууд тун удалгүй нөхөн ургах болно.
Гэрэл: Гэрэл голохгүй ургах чадвартай, нарны шууд тусгал, сарнисан тод гэрэл, хагас сүүдэрлэг аль ч газар ургана. Алаг сортууд нь илүү гэрэл шаарддаг.
Усалгаа: Усалгаа хамгийн бага шаарддаг цэцгийн нэг. Агаарын дулаанаас хамаарч долоо хоногт нэг удаа усална. Өвөл усалгааг эрс багасгана. Навчны оройн хэсэгт ус хүргэж болохгүйг анхаарай. Хөрсний өнгөн хэсэгт сайтар хатсаны дараа усалгааг хийнэ. Усыг нь ихдүүлбэл навч болон үндэс ялзарна, усалгаа багадвал навч үрчийх унжих байдал ажиглагдана.
Бусад: Сард нэг удаа бордоно. Бордоо бага шаарддаг ургамал.