Америкийн Калифорни мужид үер, шуурганы улмаас амиа алдсан хүний тоо 20 болж нэмэгдсэнийг "Ройтерс" агентлаг мэдээлжээ. Мужийн захирагч Гэвийн Ньюсомын хэлснээр арванхоёрдугаар сарын 26-наас хойш мужийг дайрсан аадар борооны уршгаар 20-иод хүн амиа алдаж, олон мянган хүн түр орогнох байранд аж төрж байна гэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ сарын 19-нд тус мужид очиж, аврагчидтай уулзаж, холбооны нэмэлт тусламж дэмжлэг шаардлагатай эсэхийг үнэлэх юм байна. Цагаан ордон энэ сарын 15-нд Калифорни мужийн үер, шуурга, хөрсний гулгаанд өртсөн бүсүүдэд холбооноос тусламж үзүүлэхээр болсноо зарласан юм. Эдгээр бүсэд Санта-Круз, Мерсед, Сакраменто зэрэг багтжээ. Калифорни муж шуурганы улмаас онц байдлын дэглэмтэй хэвээр байгаа юм.