Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

О.Доржсамбуу: Би анх аав, ах нарынхаа зодог шуудгаар гангардаг байлаа


Б.Нямсүрэн
 
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн "Дугаарын зочин"-оор Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат сумын заан О.Доржсамбууг урилаа.Тэрбээр дөрөв дэх үеийн бөх ажээ. 
 
-Та багаасаа бөхөөр хичээллэжээ. Мэдээж бөхийн удамтай учир үүнээс өөр сонирхол, сонголт байгаагүй байх, тийм үү?  

-Би анх волейболоор хичээллэж байсан. Ээжийн маань төрсөн дүү волейболын багш. Тиймээс гуравдугаар ангиасаа гар бөмбөг сонирхсон. Харин 14 наснаасаа  барилдаж эхэлсэн. Мэдээж аав, өвөө, ах нарынхаа барилдааныг  харж, үлгэр дуурайлал авдаг байлаа. Тиймээс эдгээр эрхэм хүмүүс шигээ бөх болъё гэж шийдээд үндэсний бөхөөр анх хичээллэж эхэлсэн. Бага байхад ч нутгийнхан намайг “Энэ хүүхэд бөх болно” гэж хэлж, ерөөдөг байсан. Мөн үндэсний бөхөөс гадна жүдо бөхөөр бэлтгэл хийж, өсвөр залуучуудын тэмцээнд оролцож байсан туршлага бий. 

-Монгол бөхийн ген удам дамждаг. Таны өвөө, аав, ах нар нь аймгийн цолтой бөхчүүд байдаг гэсэн үү? 

-Аав минь Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат аймгийн арслан Х.Оргилсайхан гэж хүн бий. 18 наснаасаа эхлэж барилдсан. Ид барилдаж байхдаа чөлөөт болон үндэсний бөхийг хослуулан хичээллэсэн. 1997 онд Залуучуудын УАШТ-д түрүүлж байсан юм билээ. Мөн улсын аваргаас ч медаль хүртэж байсан гэдэг.  Харин 1999 онд сумын заан болсон. 2002 онд  аймгийнхаа наадамд түрүүлж, арслан цол хүртсэн түүхтэй. Харин өвөө маань Д.Хэнмэдэх гэж бөх хүн байсан. 1940 онд Архангай аймгийн Батцэнгэл суманд түрүүлсэнээр сумын заан цол авсан. Мөн аймгийн наадамд долоон удаа шөвгөрсөн, сумын наадамд 10 удаа түрүүлж байсан гэдэг. Барилдааны хувьд их хурдан шуурхай барилдаантай байсан гэж сонссон. Мөн өвөөгийн маань аав н.Дамдин гэж сумын заан цолтой бөх хүн байсан юм билээ. Ингээд би энэ удмын дөрөв дэх үеийн бөх.  Энэ сайхан хүмүүсийн үргэлжлэл болж, зүлэг ногоон дэвжээндээ зодоглож байгаадаа үргэлж талархдаг. 

-Аавынх нь талд барилддаг бөх олон юм. Харин ээжийнх нь талд бөхийн удам бий юу? 

-Ээжийн маань тал мөн л бөхийн удамтай. Ж.Дагва-Очир ах маань 2017 онд   дархан аварга Г.Өсөхбаяраар тав давж, улсын начин болсон байдаг. 

-Эдгээр бөхчүүд өөрсдийнх нь араас бөхийн удмыг нь залгамжилж яваа танд юу гэж захиж, сургадаг вэ? 

-Даруу байдлыг эрхэмлэж, бэлтгэлээ тууштай, сайн хийхийг зөвлөдөг. Спорт тэр дундаа бөхөөр хичээллэх нь бие бялдрын зөв хөгжлийг олж авна. Мөн бөх хүний давуу тал нь хүн байх төлөвшилд сургадаг юм болов уу.  

-Та өнгөрсөн жил сумын заан болсон. Өгийнуур сумын наадамд түрүүлсэн гэсэн үү? 

-Анхны цолоо өнгөрсөн жилийн наадмаар авсан. Манай Батцэнгэл сумын наадам Өгийнуур сумын наадмаас хэд хоногийн өмнө болсон юм. Тухайн үед би шөвгийн дөрөвт үлдээд унасан. Гэтэл намайг давсан бөх Өгийнуур сумын наадамд барилдана гэдгийг нь сонсоод тэр наадам дээр л даагаа нэхэж, давъя гэж бодсон. Миний бодсоноор бид ч таарч, би давсан. Ингээд сумын заан цол хүртсэн. Би цолонд хүрээгүй байхдаа аав, ах нарынхаа зодог шуудгаар гангардаг байлаа. Харин сүүлд сумын заан болоод шинэ зодог шуудагтай болсон шүү.

-Амжилт гаргахад багш чухал үүрэгтэй. Одоогоор ямар багшийн удирдлага дор бэлтгэлээ хийж байна? 

-Анх 2020 оюутан болж хотод ирсэн. Өнгөрсөн онд “Алдар” спорт хороонд Ц.Хосбаяр багшийн удирдлага дор чөлөөт бөхөөр хичээллэсэн. Гавьяат тамирчин, цэргийн арслан Л.Отгонбаатар ахтайгаа бэлтгэл хийдэг. Харин үндэсний бөхөөр Улсын гарди Д.Рагчаа, Улсын начин Ч.Ганзориг  багш нарынхаа удирдлага дор бэлтгэлээ хийж байна. 

-Залуу бөхийнхөө хувьд ирээдүйгээ хэрхэн хардаг бол? 

-Миний хэтийн зорилго бол улсын том цолонд хүрэх. Зүүлэг ногоон дэвжээндээ сайхан барилдаж, удмынхаа нэрийг өндөрт өргөмөөр байна. Үүний тулд бэлтгэлээ тогтмол хийж,  сэтгэл зүйгээ ч сайн бэлтгэх ёстой. Мөн өөрөөсөө том цолтой бөхчүүдтэй сайн барилдаж, туршлага хуримтлуулмаар байна. 
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ