Өмнөговь аймгийн Номгон сумын харъяат, аймгийн арслан М.Адъяахүүтэй ярилцлаа.Тэрээр Өмнөговь аймаг байгуулагдсаны 88, Батмөнх даян хааны мэндэлсний 555 жилийн түүхт ойгоор улс, аймгийн 256 хүчтэн зодоглосон наадамд түрүүлэн аймгийн арслан цол хүртсэн.Бөх сонирхогчдын анхаарлыг татаж буй хүчтэнтэй ярилцлаа.
-Ихэнх бөх үндэсний бөхөөр багаасаа барилдсан байдаг. Харин таны хувьд хэзээнээс эхэлж барилдах болов. Энэ талаар ярилцлагаа эхэлье?
-Миний хувьд багаасаа бөхөөр дагнаж барилдаагүй. Биеэр их жижиг хүүхэд байлаа.Тэгсэн хэдий ч хөдөөний хүүхдүүд яаж өсдөг билээ түүнтэй л ижил бага нас минь хурданморины нуруун дээр малын билчээрт өвөө эмэээгийн гар дээр өнгөрсөн. Бидний үед одоогийнх шиг хөдөө телевизор гэж байхгүй учир бөхийн барилдааныг радиогоор сонсоно. Улсын начин Б.Адъяахүү гээд тайлбарлахаар би радио руу заагаад “Энэ би шүү дээ” гэдэг байсан тухай өвөө минь хэлж байлаа.
-Монголчууд хүү төрвөл бөх болгоно гэж билэгддэг ард түмэн. Таныг багад чинь бөх болох юм байна гэж хэн нэгэн хэлж байв уу?
-Надад200З оны Боржигоны наадам их тод байдаг. Энэ наадмын бөхийн барилдааныг үзэх гэтэл намайг оруулдаггүй. Хүүхэд байсан болохоор нэг бөхийн цүнхнээс зүүгдээд орчихсоноо сайн санадаг. Тухайн наадамдулсын цолтой олон бөхийг нэг дор харж тэдний барилдааныг дэргэдээс нь харж байлаа. Тэр барилдааны зүүнийг магнайлж Р.Давааням заан барилдаж байв. Харин би санамсаргүй тохиолдлоор зааны ойрхон сууж таарсан. Заан халуун савтай цайнаас мөнгөн аяганд хийж уугаад л ойрхон байсан хүүхдүүдийн өвдгийг барьж үзээд шинжиж байсан. Би ч шинжүүлж байлаа. Миний өвдгийг барьж үзээд жаахан хичээвэл бөх болох юм байна гэж хэлж билээ. Харин миний барилдсан нь үүнээс хожим аравдугаар ангидаа орсон хойноо бөхийн дугуйланд явж эхэлсэн. Бусад бөхийг бодвол арай хожуу барилдаж эхэлсэн л дээ. Учир нь арван жилээ төгсөөд өөр мэргэжил сонгосонтой холбоотой. Тэгсэн хэдий ч бөхөө бүр мөсөн орхиогүй гэрийхнээсээ нууцаар их сургуулийнхаа хажуугаар хоёр жил үндэсний бөхийн бэлтгэл хийсэн.
-Барилдъя гэж хэзээнээс шийдэв?
-Заалны барилдаанд мэр сэр барилддаг байлаа. Хүнийг хүсэл сонирхол нь хөтөлж түүнээс гадна хөдөлмөр хичээл зүтгэл байхад аливаа зүйл болно гэж боддог.Миний анхны багш Д.Батжаргал гэж хүн байсан. Мөн аймгийн заан Ш.Наранбаяр гэж хүн бий.Харин одоогийн багш маань улсын харцага Г.Ганхуяг. Харцагын ээж манай нутгийн хүн учир багш ээж аавынхаа нутгаас нэг нэг сайн бөх төрүүлнэ гэсэн юм байна лээ. Хуягаа багшийн найз нь Тулгаа ах намайг 2012 оны сумын аварга шалгаруулах барилдаан дээр хараад багштай анх танилцуулж байлаа. Түүний дараа жил аймгийнхаа тойргийн барилдаанд түрүүлж тойргийн сумын заан цол авч 2015 онд сумандаа түрүүлж сумын заан цол хүртэж байлаа. Мөн энэ цолтойгоо улсад гурван удаа зодоглож хоёр удаа нэгийн даваанд, нэг удаа хоёр давж байсан.
-Тэгш ойтой жил аймагтаа түрүүлж аймгийн арслан цолыг өнгөрсөн зун хүртсэн.Энэ наадмаа эргээд нэг дурсвал?
-Тиймээ. Тэгш ой давхцсан сайхан жил түрүүлж аймгийн арслан цол авсандаа баяртай байдаг. Аймаг байгуулагдсаны 88, Батмөнх даян хааны мэндэлсний 555 жилийн ой давхцсан. Хамгийн сонин гэх юм уу нэг тохиол нь тавын даваанд Б.Батмөнх заанаар давсан. Мөн манай өвөөг Батмөнх гэдэг. Ийм сонирхолтой давхцал таарсан.
-Түрүүлнэ гэдэгтээ хэр итгэлтэй байв.Үзүүр түрүүний барилдаан үзүүштэй байсан санагдаж байна?
-Миний хувьд өмнө нь долоогийн даваанд гурван удаа тунаад унаж байлаа. Энэ барилдаануудын дараа мэдээж их юм бодогдоно, юун дээр алдав гэж тунгаана.Харин энэ наадамд долоогийн даваанд аймгийн харцага Т.Төгсдөлгөөнөөр давчихаад сэтгэл зүй өөр болоод зориг ороод ирсэн. Зүүн золгоод Энх-Амгалан зайлсан би татаж давуулж гуядаад эргэхэд гарыг нь уургалж хөнтрөөд давсан. Манай багш хэлдэг л дээ. Наадамд барилдахдаа түрүүлнэ гэж битгий бод. Харин түрүүлчих вий гэж бодож барилд. Учир нь чиний сэтгэл түрүүлээд индэр дээр оччихоор өмнө нь бүдэрчихнэ гэж захьдаг. Барилдана гэдэгтухайн хоёр бөхийн мэдрэмжтэй, тэвчээртэй нь давдаг.
-Үндэсний бөхөөр барилдсанаар юуг ойлгож авдаг юм бэ?
-Хамгийн түрүүнд эх орноо ойлгож авна. Эх оронд юу чухам орох вэ гэхээр хайртай бүхэн минь багтана. Эр хүн болж төрснийх үүнийгээ хайрлаж хамгаалах үүргээ ойлгоно.Барилдахын тулд ганц мэх сурах хүч тамираас гадна амьдралын арга ухаанд суралцана. Барилдана гэдэг оюун ухааны тулаан, урлаг ч гэж ярьдаг. Үзэгч олноо цэнгүүлэх гэж барилддаг учраас тэр юм.
-Бөх хүн бүх зүйлээр хөгжиж болно гэж та хэллээ. Та ямар мэргэжилтэй вэ?
-Би МУБИС-ийн газарзүй, аялал жуулчлалын ангийг төгссөн. Миний багаасаа сонирхсон сонирхол бол аялал жуулчлал.Яагаад энэ салбар сонирхлыг минь татсан бэ гэвэл хөдөө өссөн хүүхдүүд дандаа байгаль, амьд амьтантай харьцдаг учир илүү хайрлаж өсдөг байх. Манай нутаг бол аймагтаа газар нутгаараа хоёрдугаарт ордог хилийн сум. Говийн онгон байгалийг хадгалсан гэгддэг Орвог гашууны бор толгой манай нутагт байдаг. Би Монгол орныхоо бүх аймгаараа очих хүсэл тээж явдаг. Одоогоор очоогүй таван аймаг байна. Нутаг нутгийн зан заншилаас авахуулаад залуучууд бидэнд өв соёлоо таньж мэдэх зүйл их бий. Тиймээс дотоодын аялал жуулчлалыг хөгжөөсэй гэж хүсдэг.
-Очсон нутгийн тань юу нь таны сонирхлыг их татдаг вэ?
-Миний сонирхлыг татдаг зүйл бол нутаг нутгийн цайны соёл. Манай говь нутагт “унд” нэртэй цай хийдэг. Үүнийг яаж хийдэг вэ гэхээр будаагаа шар тосонд гурилтай хуураад борц, сүүгээ хийдэг. Хамгийн амттай цайг Сүхбаатар аймагт цагаан сарын барилдаанаар очиж байхдаа ууж байсан. Нэг ийм үг байдаг шүү дээ. Хүслээ гүйцээхийн тулд 10 жил бодож үлдсэн 20 жилд нь биелүүлнэ гэж. Барилдахаа болихоороо энэ хүсэлээ гүйцээж дотоодын аялал жуулчлалаа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэж боддог.
Эх сурвалж www.polit.mn