http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Солонго-1,2” түрээсийн орон сууцанд 5002 айл хамруулна


Ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй, урьдчилгаа төлбөр бүрдүүлэх боломжгүй иргэдэд зориулсан “түрээслээд өмчлөх” орон сууцны хөтөлбөрийг Засгийн газраас хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд эхний хэсэг нь энэ оны долдугаар сард ашиглалтад орно.  Тодруулбал, Хан-Уул дүүргийн 21-р хороонд баригдаж буй “Солонго-1” төсөл 2026 оны долдугаар сард ашиглалтад орж, есдүгээр сараас цахимаар сонгон шалгаруулалт явуулахаар төлөвлөөд байна. Уг төслийн хүрээнд 2042 өрхийг хамруулах юм.
Мөн "Солонго-2" төслийн хүрээнд 3000 орчим айлын орон сууц баригдаж, 2027 онд ашиглалтад орох бол "Залуус-1" төсөлийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Үүний зэрэгцээ БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн IX хороонд Ногоон нуур орчимд 1008 айлын орон сууц баригдаж ашиглалтад орсон. Үүнээс 756 айлын орон сууцыг газраа орон сууцаар солих нөхцөлөөр хамруулах ба үлдсэн 252 айлыг түрээслээд өмчлөх хэлбэрээр оруулах юм.
Үүнтэй холбоотойгоор Засгийн газар төрөөс хэрэгжүүлэх түрээсийн орон сууцтай холбогдох журмыг шинэчлээд байна.
Салбарын сайдын мэдээлснээр “Солонго-1, 2” төслийн орон сууцанд нийт 5002 айл хамруулах боломжтой бөгөөд 2026 оны хоёрдугаар улиралд багтаан бүх айлыг оруулах зорилт тавьжээ.  Шинэ журмаар түрээсийн үнийг зах зээлээс хямд байхаар тогтоосон. Тухайлбал, өмнө нь Улаанбаатар хотод төрөөс хэрэгжүүлж байгаа түрээсийн орон сууцны 1 м² талбайн үнэ 6000 төгрөг байсан бол шинэ зохицуулалтаар 11000–15000 төгрөг болж нэмэгдсэн. Энэ нь хуучин стандартаас өссөн ч зах зээлийн үнэтэй харьцуулахад бага.
Жишээ нь, “Солонго-1” төслийн 50 м² байрны түрээс 650 мянган төгрөг байхад ижил хэмжээний байр зах зээл дээр 1.5–1.8 сая төгрөгийн үнэтэй байна.
Гэсэн ч дундаж орлоготой өрхийн хувьд сар бүр ийм хэмжээний төлбөр тогтмол төлөх нь багагүй асуудал.  Өмнөх жилүүдэд түрээслээд өмчлөх гэрээ байгуулсан иргэд урьдчилгаа төлбөрөө удаан хугацаанд бүрдүүлдэг асуудал гарч байсан. Үүнийг зохицуулахын тулд шинэ журмаар таван жилийн хугацааны хязгаар тогтоожээ. Өөрөөр хэлбэл, иргэн таван жилийн дотор урьдчилгаагаа бүрдүүлэх ёстой. Хэрэв энэ хугацаанд амжихгүй бол дараагийн иргэнд боломж шилжих зохицуулалт хэрэгжинэ.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ БҮРЭН ЦАХИМ БОЛНО

Иргэдийн хүсэлтийг цаасаар бус зөвхөн цахим системээр буюу Хур, Дан системээр хүлээн авч, төрийн мэдээллийн нэгдсэн сантай уялдуулан шалгаруулах юм. Өмнө өгсөн хүсэлтүүд хүчингүй болж, бүгд шинээр бүртгүүлэх шаардлагатай болсон. Мөн оролцогч нь өөрийн нэр дээр орон сууцгүй байх, шаардлагатай бүх мэдээллийг цахимаар илгээх шаардлагатай. Шинэ журмаар тодорхой бүлгүүдэд квот олгожээ. Үүнд:
  • Төрийн үйлчилгээний ажилтан (эмч, багш) – 25%
  • Төрийн албан хаагч – 15%
  • Ахмад настан – 18%
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн – 10%
Мөн залуу гэр бүл, олон хүүхэдтэй болон өрх толгойлсон гэр бүлүүдийг хамруулах зохицуулалтыг тусгасан. Гэвч нийт хүсэлт гаргагчдын тоо өндөр байх нөхцөлд эдгээр квот бодитоор хэр хүрэлцэх нь тодорхойгүй. Журмын дагуу төрийн орон сууцыг Түрээслэх, Түрээслээд өмчлөх, Газар, эд хөрөнгийг орон сууцаар солих, Дахин төлөвлөлтийн үед иргэдийг түр байрлуулах гэсэн дөрвөн хэлбэрээр ашиглуулах боломжтой болсон байна.
Шинэ журамаар баталсан шийдвэрүүдээс дараах асуудлууд гарч болзошгүй. Жишээ нь Түрээсийн төлбөр зах зээлийн үнээс хямд ч дундаж орлоготой өрхөд сар бүр тогтмол төлөх нь санхүүгийн дарамт болох магадлалтай. Жишээ нь, 50–60 м² байрны түрээс Улаанбаатар хотод 11,000–15,000 төгрөг/м² байна.
Ингэснээр 50 м² байрны сар бүрийн төлбөр 550,000–750,000 төгрөг болж, дундаж өрхийн орлоготой харьцуулахад өндөр ачаалалтай.
Мөн түрээслээд өмчлөх гэрээгээр орох иргэд таван жилийн дотор урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэх ёстой. Энэ хугацаанд санхүүгийн боломж бүрдээгүй тохиолдолд дараагийн өрхөд боломж шилжих зохицуулалттай. Орлогын тогтворгүй өрхүүдэд хугацааны дарамт үүсгэж, гэр бүл, ажил амьдралд нөлөөлж болзошгүй. Иргэдийн хүсэлт цахимаар хүлээн авч, ил тод шалгаруулалт явуулах ч, хүсэлт гаргах өрхийн тоо төслийн хүчин чадлаас хэт их байвал өрсөлдөөн эрс нэмэгдэнэ. Зорилтот бүлэгт багтсан иргэдэд хүрэлцэх эсэх нь тодорхойгүй. Барилгын явц, санхүүжилт, зөвшөөрөл, хөрөнгө оруулалтын нөөц зэрэг нь төслийн ашиглалтад орох хугацаанд саад учрах эрсдэлтэй. Хугацаа хоцрох тохиолдолд түрээсийн гэрээ, урьдчилгаа төлбөр, сонгон шалгаруулалттай холбоотой бүх төлөвлөгөө хойшилж, иргэдэд тодорхойгүй байдлыг үүсгэнэ.  Эдгээр хүчин зүйлсийг харгалзан үзвэл, төрийн орон сууцны хөтөлбөр нь боломж олгож байгаа ч бодит байдал дээр иргэдэд санхүүгийн, зохион байгуулалтын  аз сорилт болно.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ