Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хөшигийн хөндийд казиногийн цогцолбор байгуулна


Засгийн газар Хөшигийн хөндийд казиногийн цогцолбор байгуулах зорилго тавин, холбогдох  хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байна.
Хөрөнгө оруулалт татах, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан бөгөөд 300 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийх бизнес эрхлэгч энэхүү “тоглоом”-д оролцох боломжтой. Төгрөгт шилжүүлбэл энэ нь нэг их наядын хөрөнгө оруулалт шаардана гэсэн үг.  Үнийн саналыг 60 хувь, казиногийн цогцолбор барих төслийн техникийн саналыг 40 хувь гэж тооцно.
Казино байгуулж, ажиллах эрхийг 30 жилийн хугацаагаар олгоно,  хууль тогтоомжийг мөрдөж ажилласан нөхцөлд хугацааг нь 10 жилээр сунгана.
Казиногийн ширээ, автомат тоглоом, тотализатор, букмейкерийн төвийн нэгж тус бүрээс долоо хоног бүр 2.500000-6.800000 төгрөг төлөрүүлнэ.
Казиногийн үйл ажиллагаа эрхлэгчийг ААНОАТ, НӨАТ-аас чөлөөлнө. Тоглогчийн хонжворын орлогод ХХОАТ ногдуулахгүй. 30 жилийн дараа казиногийн нийт ширээний 50 хувь нь Засгийн газрын өмчлөлд шилжинэ.
Казиногоор Монгол Улсын иргэн үйлчлүүлэх хориотой, хэрэв тус бүс рүү албан үүрэгтэй нь хамааралгүй шалтгаанаар Монгол Улсын иргэнийг нэвтрүүлсэн бол ноцтой зөрчилд тооцож, тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгоно.
Монгол Улс 2019 онд 580 мянган гадаадын жуулчин хүлээн авч, 610 орчим сая ам.долларын орлого олсон байдаг. Цар тахал дэгдсэнээс хойш жуулчдын тоо эрс буурсан. Харин казино байгуулснаар аялал жуулчлалаас олох орлогыг эрс өсгөж, эдийн засгийг солонгоруулахад түлхэц өгнө гэж үзэж байна. Гэвч УИХ Казиногийн тухай хуулийн төслийг батлах уу гэдэг нь их эргэлзээ дагуулж буй юм.
Учир нь, УИХ 1998 онд анх Казино байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталж байсан ч хуулийн төслийг санаачилсан гишүүдийг нь авлига авсан үндэслэлээр шүүхээс ял оноож, хуулийг хүчингүй болгосон түүхтэй. Тэр цагаас хойш дөрвөн ч удаа Казино байгуулах тухай хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлэгдсэн ч батлагдсан удаагүй.
Тухайлбал, 2007 онд УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдорж, Р.Гончигдорж нар Казиногийн тухай хуулийн төслийг санаачилсан ч “гадаадын компанийн захиалгаар хууль санаачиллаа” гэх дуулиан дэгдэж, хоёр дахь санаачлага бүтэлгүйтсэн.
Гурав дахь санаачлагыг 2009 онд УИХ-ын гишүүн асан Д.Загджав, Л.Гүндалай, Д.Хаянхярваа, Г.Баярсайхан нар гаргаж, хуулийн төсөл боловсруулсан ч “Морин нуур” төслийн эздийн лоббид хөтлөгдлөө гэх хардлагад орж, зогссон.
Дөрөв дэх санаачлагыг Ардчилсан нам 2012 онд Засгийн эрх авсан даруйдаа гаргасан ч бас л бүтэлгүйтсэн. 2016 онд МАН үнэмлэхүй олонх болонгуутаа Казино байгуулах хуулийн төсөл санаачилж, УИХ-д хэлэлцүүлэг өрнөж байсан ч бас л бүтэлгүйтэж, төсөл санаачлагчид буцааж байв.
Хамгийн сүүлийн оролдлого нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын өргөн мэдүүлсэн Казиногийн тухай хуулийн төсөл болж байна.
Харин одоогийн энэхүү төсөл дахин УИХ-аар хэлэлцэгдээд хав дарагдах уу, аль эсвэл зорьсон зорилгодоо хүрч, төсөл батлагдан, Хөшигийн хөндийд казиногийн цогцолбор баригдан, монголчууд валют олох шинэ эх үүсвэртэй болох уу гэдэг нь УИХ дахь МАН-ын бүлгээс шууд хамаарна.
Уг нь УИХ дахь МАН-ын бүлэг энэхүү Казиногийн тухай хуулийн төслөөс гадна Морин бооцоот уралдааны тухай хууль, Төлбөр тааварт тоглоомын тухай хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжиж, хуулийн төслүүдийг яаралтай Засгийн газраас оруулж ирэхийг үүрэгдсэн ч өмнөх төслүүдийг хав дараад батлаагүй тул шүүгээнд дарагддаг төслүүдийн нэг болж, замхрах вий гэсэн болгоомжлол төрүүлж байгаа юм.
Г.ХОРОЛ
https://news.mn/r/2615705/
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ