“Invest Khovd” хөрөнгө оруулалтын чуулганыг2023 оны нэгдүгээр сарын 19-20-ны өдөр Ховд аймагт зохион байгуулах гэж байна. Шинэ сэргэлтийн бодлого болон Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тус хөрөнгө оруулалтын чуулганы үйл ажиллагаа өрнөх юм.
Энэ үеэр “Хөрөнгө оруулалт Ховд” форум, залуучуудад зориулсан “Unplug – Шинэ үеийн манлайлагчдын цугларалт” арга хэмжээ, хөрөнгө оруулалт, бизнесийг дэмжих байгууллагуудын нэг цэгийн үйлчилгээний бизнес төвийн нээлт, нийслэл болон Ховд аймгийн бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа, олон улсын төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах уулзалт зэргийг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Аймгуудын эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгаанаас үзэхэд Ховд аймаг 12 дугаарт эрэмбэлэгдэж байна. Иймээс аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратеги,өрсөлдөх чадварыг сайжруулж, ойрын жилүүдэд хэрэгжүүлэх шаардлагатай хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрт дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоог хангах, дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэн иргэдийн орон нутагтаа ая тухтай ажиллаж амьдрах нөхцлийг сайжруулахад дээрх чуулганы зорилго чиглэж буй. Хөрөнгө оруулалтын чуулганд гадаад, дотоодын компани, аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулалтын банк, санхүүгийн байгууллагууд болон бизнес эрхлэгч, хувь хүмүүс оролцож, талуудын бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх юм.