Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол өнгөрөгч долоо хоногт болсон.
Энэ үеэр бүлэг жагсагчид Төрийн ордон руу зөвшөөрөлгүйгээр нэвтрэхийг шаардаж, хувцсаа тайлан, эсэргүүцэл илэрхийлсэн. Мөн өдөр эдгээр жагсагчид болон тэднийг толгойлж байсан жүжигчин У.Цогтбаяр нарыг санхүүжүүлсэн байж болзошгүй Я.Энхтуяа гэх эмэгтэйг талбайн хажуугаас саатуулсан юм.
Улмаар өнгөрөгч баасан гараг буюу арванхоёрдугаар сарын 23-ны өдөр прокуророос Я.Энхтуяаг нэг сарын хугацаанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг шүүхэд хүргүүлж, шүүхээс түүнийг нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргасан байна.
Тухайн эмэгтэй нь Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нартай холбоотой, тэднээс их хэмжээний санхүүжилт авч байсан хэмээгдэж буй. Дээрх санхүүжилтээр жүжигчин У.Цогтбаярт автомашин болон их хэмжээний бэлэн мөнгө өгсөн гэх мэдээлэл ч мөн олон нийтэд цацагдаад байгаа билээ.