Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДУНДГОВЬ: Номтой нөхөрлөсөн нэг жилийн хугацаанд хүүхэд бүр дунджаар 20-25 ном уншжээ



Дундговь аймгийн хамгийн алслагдмал Сайхан-Овоо, Өндөршил сумын дунд сургуулийн 6 дугаар ангийн сурагчид цахимаар танилцан энэ оны 4 дүгээр сард Мандалговь хотноо "Номоор нөхөрлөсөн найзууд" танилцах уулзалт хийж байх үеэр анх уулзаж, тэднээр бахархах сэтгэл төрж байсан юм.
Тэр үед бяцхан хүүхдүүд ангиараа ном уншиж, “С.Буяннэмэх тэмдэгтэн” болох зорилготой гэдгээ танилцуулж байсан. Одоо “Номоор нөхөрлөсөн найзууд” 7 дугаар ангид элсэн суралцаж, энэхүү зорилгоо биелүүлэхээр Мандалговь хотноо дахин зочилжээ. Энэ үеэр ангийн багш Ч.Цэрэнпүрэвтэй ярилцлаа.

-Номоор нөхөрлөсөн бяцхан найзууд зорилгодоо хүрэхээр энд иржээ. Хоёр ангийн хүүхдүүд маань “С.Буяннэмэх тэмдэгтэн” болохын тулд их олон ном уншиж, олон бүтээл хийсэн үү?
-Тэгсэн. Хүүхэд бүр ухаалаг гар утсанд сэтгэлээ алдах гээд байгаа өнөө үед хүүхдүүдээ номд дурлуулах, номын амтанд оруулж, ашиг тусыг нь ойлгуулахын тулд хөшүүрэг, идэвхжүүлэх зүйл хэрэгтэй байсан. Хоёр ангиараа “С.Буяннэмэх тэмдэгтэн” болохсон гэсэн хүсэл мөрөөдөл манай хүүхдүүдийг хөтөлсөн гэж болно.
Энэ жил Алдарт гавьяат уран зохиолч С.Буяннэмэхийн мэндэлсний 120 жилийн ой тохиож байгаа учраас манай хүүхдүүдийн хувьд хийсэн, сэтгэлээ гаргасан бүхэн нь бас энэхүү түүхэн ойд бэлэг барьж байгаа явдал юм.
Манай хоёр ангийн нийт 49 хүүхдийн бүтээл ирсэн. Бүтээлээ дөнгөж сая хүлээлгээд өгчихлөө. Зөвхөн ном уншаад зогсохгүй хүүхдүүд уншсан номынхоо тухай тэмдэглэл хөтөлж, зураг зурж, бүтээл хийж байгаа нь тэдний хувьд маш их урам зориг өгч, цаашид номоор хүмүүжих суурь тавигдаж байгаа хэрэг.

-Өнгөрсөн хавар уулзсанаас хойш амжилт арвин биз дээ? Хоёр ангийн хүүхдүүдийн харилцаа улам өргөжиж, батжиж байна уу?
-Би өөрөө Өндөршил сумын сургуулийн биеийн тамирын багш. Найз маань Сайхан-Овоо сумын биеийн тамирын багш Ц.Дэлгэртөгс. Бид хоёр сургуульд байхдаа нэг ангид суралцаж, дараа нь хоёулаа биеийн тамирын багш мэргэжил эзэмшин, аймгийнхаа хамгийн хол баруун, зүүн сумдад багшлахаар болж, нэг жил төгсөж ирээд зэрэг 6 дугаар анги аван нийт 4 анги төгсгөжээ. Энэ жил бид хоёр хоёулаа 7 дугаар ангитай.  
Манай хүүхдүүд 6 дугаар ангиасаа эхлэн  цахимаар танилцан “Хамтын хүч-Хөгжлийн түүчээ” аяны ажлыг зохион байгуулж байна. 2022 оны 4 дүгээр сард танилцах ажлыг Дундговь аймгийн төв дээр хоёр талаас ирж зохион байгуулсан. Хоёр сумын сурагчдыг ийнхүү танилцах уулзалтаа хийх үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат хүлээн авч уулзан санал бодлоо солилцож, “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын сурагчид тоглолтоо үзүүлж, аймгийн Цагдаагийн газар, С.Буяннэмэхийн нэрэмжит төв номын сангийн үйл ажиллагаатай танилцан "Монгол бичиг үсгийн баяр"-т мөн уригдан оролцсон нь тэдний хувьд мартагдашгүй дурсамж болон үлдсэн.
Хүүхдүүд маань сургуулийн номын санд бүгдээрээ карт нээлгэж, 7 хоног тутамд 2-5 ном тогтмол уншдаг. Мөн цахим номын санд ангиараа бүртгүүлэн үйлчлүүлдэг. Номын сангаас зохион байгуулсан “Хүрэл тулга”, “Олуулаа”, “Үлгэрийн баатрууд амилсан нь”, “Номын тэмдэглэл хөтөлцгөөе”, “Номын өргөөний ид шид”  уралдаанд идэвхтэй оролцон 1-3 дугаар байрт тогтмол орж ирсэн идэвхтэн уншигч хамт олон юм.  
Ном уншаад ирэхээрээ хүүхдүүд сургуулиас болон номын сангаас зохион байгуулсан бүхий л ажилд идэвх санаачилгатай оролцдог, нийгмийн идэвх, оролцоо сайтай болчихдог юм билээ.

-“С.Буяннэмэх тэмдэгтэн” болох болзол гэж бий. Энэхүү болзлыг хангахын тулд анги хамт олноороо ямар ажлыг санаачлан хийж, гүйцэтгэсэн бэ?
-7 дугаар ангид хүүхдүүд маань “Номоор нөхөрлөсөн найзууд” ажлаараа ном унших хөдөлгөөн өрнүүлж, “Өглөөний уншлага”-ыг тогтмол хийж, номын тэмдэглэл хөтлөхийг хэвшүүлж байна. Номтой нөхөрлөсөн нэг жилийн хугацаанд манай ангийн нэг хүүхэд дунджаар 20-25 ном уншжээ.
Анги нийтээрээ 468 ном уншсан байна. Алдарт зохиолч С.Буянэмэхийн намтрыг судлан зохиол бүтээлтэй нь танилцах ажлыг зохион байгуулж, түүний зохиолоор сурагч бүр аннимейшн ном бүтээх, хүүхэлдэйн театр хийх бүтээлч авьяас чадвараа хөгжүүлэх ажлыг санаачлан хийлээ.  
Дээрх бүтээлч ажил, амжилтыг үндэслэн Монгол Улсын Алдарт гавьяат уран зохиолч С.Буяннэмэхийн мэндэлсний 120 жилийн ойд бэлэг барьж, анги хамт олноороо "С.Буяннэмэх тэмдэгтэн" болох зорилгодоо хүрэх гээд тэмүүлж байгаа юм. Цаашдаа ч үе тэнгийхээ хүүхдүүдэд “Ном унших”-ыг уриалж, ач тусыг нь ойлгуулах нөлөөллийн ажлуудыг хийнэ.

-Болзол хангаж, хоёр ангийн хүүхдүүд маань зорилгодоо хүрэх байх гэж бодож байна. Амжилт хүсье.
-Хүүхдүүдийн маань хөдөлмөр, сэтгэл талаар өнгөрөхгүй байх, тэд маань болзлыг хангах хэмжээнд хүрсэн гэж итгэж байгаа, баярлалаа. 




скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ