Өчигдөр Дундговь, Өмнөговь, Дорноговь, Баянхонгор гэсэн 4 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, мэргэжилтэн болон холбогдох байгууллагын удирдлага, албан хаагчид, малчдын төлөөлөл, хоршоод, жижиг, дунд үйлдвэрлэгчид, НҮБ-ын төлөөлөгч, эрдэмтэн судлаачид нийт 120 гаруй төлөөлөгчдийг хамруулсан “Ногоон, өрсөлдөх чадвартай, экспортын баримжаатай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийн бодлогын стратеги”- Говийн бүсийн хэлэлцүүлэг Дундговь аймагт боллоо.
Тус хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн БОХХАА-н Байнгын хорооны дарга Б.Саранчимэг, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат нар нээж, НҮБ-ын ХХААБ-ын бодлогын ахлах шинжээч, доктор Ц.Энх-Амгалан болон зөвлөх багийн шинжээч нар тухайн сэдвийн хүрээнд танилцуулга, мэдээлэл хүргэлээ.
Мөн “Говийн бүсийн онцлог ба боломж”, “Тогтвортой хөдөө аж ахуйн үйлдвэрлэл: Бэрхшээл, сорил ба шийдэл”, "Хүний нөөцийн стратеги" сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлэгт аймгууд ойрын 5 жилд тогтвортой хөгжүүлэх боломжтой өөрсдийн онцлог бүтээгдэхүүнүүдийг тодорхойлон танилцуулснаас гадна тогтвортой хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд учирч буй бэрхшээл ба сорилт уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, ХАА-н эдэлбэр газар, бүтээмж, технологи, инновац түүнчлэн санхүүжилтийн төлөвөө тодорхойлон нөлөөг бууруулах, дасан зохицох арга зам болон салбарын хүний нөөцийн өнөөгийн нөхцөл байдал, хэрэгцээ, шаардлага зэрэг асуудлыг аймаг тус бүр тодорхойлон хэлэлцлээ.