Газрын тосны бүтээгдэхүүний чанарын хяналтын тогтолцоог сайжруулах чиглэлээр БНСУ-тай хамтран хэрэгжүүлж буй төслийн талаар АМГТГ-ын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Дашпүрэвээс тодрууллаа.
-Танай байгууллага дээр хэрэгжиж буй автомашины шатахууны чанарын хяналтын тогтолцоог сайжруулах төслийнхөө талаар мэдээлэл өгөөч?
-Юуны өмнө байгууллагынхаа чиг үүргийг танилцуулъя. Манай байгууллага нь Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хууль, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулиудын хэрэгжилтийг ханган ажилладаг УУХҮЯ-ны харъяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг. Энэ ч үүднээс манай байгууллага газрын тосны салбарын хууль тогтоомж, тэдгээрийг дагалдах журмууд, бодлого, гэрээ хэлэлцээр, стратегийн төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг хариуцлага хүлээж, газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамжийн тогтвортой байдлыг хадгалах, чанар, стандартын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангах төрийн бодлогыг хэрэгжүүлдэг.
Энэ үйл ажиллагааныхаа хүрээнд бид гадны улс орнуудын туршлагыг судлах, бодлого арга зүйн зөвлөгөө авах, техник тоног төхөөрөмжийн туслалцаа авах зорилгоор хэд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлдгийн нэг нь энэхүү төсөл юм.
БНСУ нь шатахууны чанар, түгээлтийн хяналтын тогтолцоог сайн суурьшуулж чадсан, энэ чиглэлээр суралцах зүйл, авах туршлага ихтэй улс. Энэ ч үүднээс манай байгууллага 2017 оноос БНСУ-ын Газрын тосны чанар хангамжийн газар буюу К-Петро байгууллагатай газрын тосны бүтээгдэхүүний чанарын шинжилгээний тогтолцоог сайжруулах, техникийн зөвлөгөө авах чиглэлээр хамтран ажиллаж байна. Манай хоёр байгууллага 2018 онд энэ чиглэлээр хамтран төсөл хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзээд Солонгосын Засгийн газарт төслийн санал тавьж дэмжигдсэнээр энэхүү төсөл 2021 оноос хэрэгжиж эхлээд байна.
Төсөл 2021-2025 онд хэрэгжинэ. Төслийн санхүүжилт болох 4,5 сая ам.долларыг БНСУ-ын Засгийн газар буцалтгүй тусламж хэлбэрээр олгож байгаа юм. Төслөөр АМГТГ-ын харъяа УУГТТЛ-ийн барилгыг шинэчлэн засварлаж олон улсын стандартад нийцсэн лабораторийг бий болгох, тоног төхөөрөмжийг шинэчлэх, мэргэжилтэн, шинжээчдийг сургалтад хамруулах ажлууд хийгдэхээс гадна Солонгосын газрын тосны салбарт олон жил ажилласан туршлагатай зөвлөх мэргэжилтнүүд манай улсад ирж ажиллан нөхцөл байдлын судалгаа хийж, чанарын хяналтын систем, хяналт шалгалт хийх аргачлал, бүтээгдэхүүнд тавигдах стандарт, хууль, журмуудад оруулах өөрчлөлтийн талаар санал зөвлөмж боловсруулах юм.
-Төслөөс хүлээж буй үр дүн?
-Монгол Улсад хэрэгжиж буй хууль тогтоомж, дүрэм журмын хяналтын тогтолцоо муу байгаагаас хэрэгжилт хангалтгүй байна гэж харагддаг. Тийм болохоор газрын тосны бүтээгдэхүүн болон эрчим хүчний нүүрсний чанарын хяналтын тогтолцоог сайжруулахад юун дээр алдаад байна, түүнийгээ анзаарч засаж сайжруулах нь маш чухал алхам гэж үзэж байгаа юм. Тиймээс агаарын бохирдлыг нэмэгдүүлэгч гол хүчин зүйлүүд болох эрчим хүчний нүүрс, автомашины бензиний чанарт тавигдах хяналт, шинжилгээ, хэрэглэгчийн санал гомдлыг барагдуулдаг тогтолцоо, мэргэжилтнүүдийн ур чадвар, шинжилгээний орчин, тоног төхөөрөмж сайжирснаар манай улсын одоогийн агаарын бохирдлын хэмжээ 5 хувиар буурна гэсэн тооцоог төслийг хэрэгжүүлэх судалгаа хийх явцад солонгосын болон манай мэргэжилтнүүд гаргасан.