Боловсролын чанарыг хөсөр хаяж, эрх мэдэлтнүүдийн эрх ашгийг хангасан гэх сурах бичгийн шинэчлэл асуудал маргаан дагуулсаар байна.
Учир нь, энэ хичээлийн жилээс эхлэн бага ангийн сурагчдын сургалтын хөтөлбөр шинэчлэгдэж буй. Сургалтын хөтөлбөрийн шинэчлэлтэй уялдуулан сурах бичгүүдийг шинэчилсэн. Гэтэл шинэ хичээлийн жил эхлээд сар гаруйн хугацаа өнгөрсөн ч бага ангийнхан өнөөдрийг хүртэл сурах бичиггүй, багш нарынхаа бэлдэж өгсөн гарын авлагаар хичээллэж байна. Сурах бичгийн шинэчлэлийн асуудал хэвлэгдэхээсээ эхлээд хэвлэгдсэн хойноо ч асуудал дагуулаад байгаа юм. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн сурах бичиг одоо л нэг сурагчдын гарт очих нь гэтэл номын агуулга, зураг маргаан дагуулав. Тухайлбал, "зураг алдаатай, зургийг хиймэл оюун ухаанаар хийлгэсэн байна” гэх асуудлыг зарим мэргэжлийн хүмүүс хөндөж буй. Үүний зэрэгцээ номын агуулга ч муу, логикгүй байгааг хэлж байгаа юм. Жишээ нь, шинээр хэвлэгдсэн нэгдүгээр ангийн дүрслэх урлагийн ном дээр Монгол Улсын төрийн далбаа танайд бий юу? Гэсэн асуулт байна. Хариулт нь байгаа, байхгүй гэсэн хоёр сонголт байгаа аж.
Үүнийг мэргэжлийн хүн "Энэ асуулт нь хүүхдэд ямар мэдлэг, мэдээлэл олгох зорилготой юм. Өөрөөр хэлбэл, энэ асуултын хариуд хүүхэд бодох үйлдэл хийхгүй. Утга учир мөн чанар нь ойлгомжгүй. Хүүхэд эндээс ямар сурах үйл хийх вэ.
Асуултын түвшин ямар байна тэр хэрээр хүүхдийн тархи сэтгэхүйн түвшин ажиллаж байдаг.
Дээрээс нь агуулгын хувьд логик байхгүй. Төрийн далбаа орж ирснээ араас нь, дэс дараалал ороод ирж байгаа юм. Энэ мэт нэгдүгээр ангийн сурах бичгийг зохиосон хоёр компани ямар ч уялдаа холбоогүй ажилласан, үүнээс үүдэж номуудын агуулгын логик дараалал алдагдсан. Ганц ижил уялдсан зүйл байгаа нь AI зураг л байна” гэж "Монсудар" хэвлэлийн газрын сургалтын хөтөлбөрийн менежер Б.Дэлгэрмаа хэлж байгаа юм.
Тэгвэл Монгол Улсын Боловсролын их сургуулийн багш, доктор, профессор Ц.Лувсандорж “Сургалтын хөтөлбөр шинэчлэгдэж түүнийг дагаад сурах бичиг шинэчлэгдэхэд агуулга, логик гээд бүх зүйл сайжрах ёстой. Гэтэл номын агуулга сурах бичгийн чанар улам муудаж байна. Сурах бичгийн чанар муудахаар сурлагын түвшин буурна. Өөрөөр хэлбэл, боловсролын чанарт шууд нөлөөлнө” гэдгийг хэлэв.
"Сурах бичгийн эх зохиох, хэвлэх ажилд эрх ашгийн зөрчил байна" гэдэг маргаан гарч ирж байгаа нь өөрөө шат, шатандаа хүүхдийн эрх ашгийг зөрчдөг гэдгийг баталж байгаа юм.
Учир нь албаныхны зүгээс, "сурах бичгийн зургийг хиймэл оюун ухаанаар зуруулаагүй, гурван хөлтэй сурагч байхгүй" гэдгээс өөрөөр номын агуулга, логик дараалал гээд хөндөгдөж буй асуудалд дорвитой хариулт өгөхгүй байгаа нь хардах нэг үндэслэл болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, сурах бичгийн шинэчлэл нэрийн дор Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар эрх бүхий компаниудад давуу байдал олгож боловсролын чанар, хүүхдүүдийн сурах эрх ашгийг орхигдуулж байгаа нь өнөөдрийн боловсролын салбарын болоод төр засгийн үнэн нүүр царайг илчлэв.
Тендерийн үйл явцын тухайд, нэгдүгээр ангийн сурах бичгийг зохиох, хэвлэх тендерийг зургадугаар сарын 11-нд зарлаж улмаар долдугаар сарын 20-нд нээсэн байна. Ингэхэд нэг ч компани шалгараагүй. Улмаар дахин тендер зарлаж, өнгөрсөн есдүгээр сарын 9-нд нээсэн. Ингэхэд дөрвөн компани материалаа ирүүлсэн бөгөөд эцэст нь тендерт "Мөнхийн үсэг", "Соёмбо пресс" гэсэн хоёр компани шалгарч, өнөөдрийн маргаан дагуулаад сурах бичгийг хэвлэжээ. Тэгвэл тус хоёр компани нь УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг нарын хамаарал бүхий компаниуд. Өмнө нь, "Соёмбо принтинг" ХХК 2017-2020 онд нийтдээ 34 удаа тендерт шалгарч байсан бол "Мөнхийн үсэг грүпп" 2014-2020 онд 23 удаа тендерт шалгарч, ажил гүйцэтгэж байжээ.
Энэ жилийн тухайд ерөнхий боловсролын нэгдүгээр ангийн ном, багшийн ном, дасгал ажлын дэвтрийн эх зохиох, хэвлэх түгээх ажилд 3.8 тэрбум төгрөгийн төсвийг улсын төсвөөс зарцуулсан байна.
Уг нь сурах бичиг гэдэг тэр дундаа бага ангийн сурах бичиг хүүхдүүдийн сурах, хөгжих замын эхлэл, боловсролд хөтлөх, чиглүүлэх зам байх учиртай. Гэвч эрх мэдэлтнүүдэд сурах бичгийн агуулга чухал биш бизнесийг нь дэмжих чухал болж байна. Тендерийн хууль нь ч агуулга, чанарт ач холбогдол өгөхөөс илүүтэй, тавхан цаасны хямд өртөг хэлэхэд л сонгон шалгаруулахаар заасан нь боловсролын чанарыг дээшлүүлэх бодлоготойгоо уялдахгүй зөрчилдсөөр байгаа юм.
Хичээл эхлээд нэг сар гаруйн хугацаа өнгөрсөн ч хүүхдүүд нь сурах бичиггүй, багш нар нь хичээлээ заахын хажуугаар өөрсдөө гарын авлага бэлдэж эх зохиогч, хэвлэх ажилтан хийж байгаа нь боловсролын салбар хэрхэн доройтож, хүүхдийн сурах үйл явцад сэтгэлгүй хандаж байгааг харуулж байна.

Нөхцөл байдал ийм байхад Боловсролын сайд нь аравдугаар сарын 1-нээс нэгдүгээр ангийн долоон сурах бичгийг нийслэл болон 21 аймгийн хэмжээнд түгээсэн байна гэж мэдээлсэн. Атал өнөөдрийн байдлаар 74 мянган сурагч сурах бичгээ хүлээсээр.
https://news.mn/r/2892322/







