http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Онцгой байдлын байгууллагын 2025 оны Онцгой гавьяа байгуулсан алба хаагчид

ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН 2025 ОНЫ ОНЦГОЙ ГАВЬЯА БАЙГУУЛСАН АЛБА ХААГЧИД

Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 118 дугаар тушаалаар баталсан “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид онцгой гавьяа байгуулсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгох журам”-ыг үндэслэн 2018 оноос эхлэн Онцгой гавьяа байгуулсан алба хаагчдад мөнгөн урамшуулал олгодог болсон. Энэ журмын дагуу долоо  дахь жилдээ гамшиг, осол, аюулт үзэгдлийн бүс болон хүний гоц халдварт өвчний голомтод аврах, эмчлэх, сувилах, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд эр зориг, мэргэжлийн ур чадвар гарган оролцсон долоон алба хаагч тус бүрт 20 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олголоо.

НОБГ-ЫН ГАЛ ТҮЙМЭРТЭЙ ТЭМЦЭХ ХЭЛТСИЙН ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ АСУУДАЛ ХАРИУЦСАН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН, ДЭД ХУРАНДАА ЭРХЭМБАЯРЫН ЭНХБАЯР

Ахмад Э.Энхбаяр нь Онцгой байдлын байгууллагад 22 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна. Ажиллах хугацаандаа Авто комбинатын агуулах, Төв аймгийн Баянчандмань сумын алтны уурхай, Арьс ширний үйлдвэрийн дээвэрт гарсан гал түймэр, Яармагийн авто засварын заводын ажилчдын 16 айлын орон сууц, Монгол ардын хувьсгалт намын байр, “Алтжин”,  “САПУ” худалдааны төв, Нарантуул худалдааны төвийн хүнсний зах, “Шунхлай”, “Говь” ХХК, УИД зэрэг томоохон галын дуудлагаар ажиллаж, 324 иргэний амь насыг авран хамгаалсан. Тухайлбал, 2025 онд нийслэлийн нутаг дэвсгэрт гарсан томоохон хэмжээний 512 удаагийн гал түймрийн голомтод удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахын зэрэгцээ Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Хүдэр, Баянгол, Мандал, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Төв аймгийн Эрдэнэ, Баяндэлгэр суманд гарсан ой, хээрийн түймрийн голомтод 7-24 хоног алба хаагчдын хамтаар үүрэг гүйцэтгэсэн байна. Мөн төрийн өндөр хэмжээний 37 удаагийн айлчлалын үеэр Төрийн тусгай хамгаалалтын газрын шуурхай удирдлагын нэгдсэн штабт Онцгой байдлын байгууллагаас холбогч офицерын үүргийг гүйцэтгэн ажиллаж, хууль, журмын дагуу үүргээ амжилттай биелүүллээ. Нийслэлийн ногоон бүсэд гарсан ой хээрийн түймрийг унтраах ажиллагаанд 200 гаруй хоног ажиллахдаа 9147 га газрыг гал түймрийн аюулаас авран хамгаалж, нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах галын гадна усан хангамжийн тоо судалгааг гаргаж, тэмдэг тэмдэглэгээ хийж, үүрэг гүйцэтгэх бэлтгэл, бэлэн байдлыг хангуулсан. Тэрээр ширээний теннисний спортын мастер, Гал унтраах техникийн олон төрөлт спортын дэд мастер цолтой тамирчин алба хаагч юм.

ОБЕГ-ЫН ХАРЬЯА АГААРААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ 111 ДҮГЭЭР АНГИЙН ЭРЭН ХАЙХ, АВРАХ САЛБАРЫН АВРАХ АЖИЛЛАГААНЫ ЭМЧ БҮЛГИЙН ДАРГА, АХМАД ДОРЖПАЛАМЫН ЭНХБААТАР

Ахмад Д.Энхбаатар нь Онцгой байдлын байгууллагын отгон ангиудын нэг болох Агаараас эрэн хайх, аврах ангид үүрэг гүйцэтгэх хугацаандаа эмнэлгийн яаралтай тусламжийн 78 удаагийн  дуудлагаар  ажиллаж, 114 иргэний амь насыг авран хамгаалж, агаарын хөлгөөр тээвэрлэн биеийн байдал маш хүнд, ухаангүй иргэдэд амь тэнссэн үеийн яаралтай тусламж үзүүлж, нийт 548 цаг 35 минутын нислэг үйлдэж, нислэгийн аюулгүй байдлыг хангаж ажилласан байна.
Тухайлбал  2025 онд эмнэлгийн яаралтай тусламжийн 26 удаагийн  дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалж, 548 цаг 35 минутын нислэг үйлдлээ. Мөн Сүхбаатар, Багануур дүүрэг болон Дархан-Уул аймгийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, “Хаан шонхор” олон улсын дадлага сургуулийн үеэр өндрөөс аврах ажиллагааны дууриалган үзүүлэх дадлага, агаарт нэрвэгдэгчид эмнэлгийн тусламж үзүүлэх сургуульд оролцож, албаны үйл ажиллагаа, онцлогоо сурталчилсан.
Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал суманд гарсан ой, хээрийн түймрийн голомтод 48 хоног үүрэг гүйцэтгэхдээ давхардсан тоогоор 300 гаруй алба хаагч болон иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүллээ. Мөн Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулах ажлын хэсэгт ажиллаж, 346 алба хаагчдад эмчилгээ, үйлчилгээ хийхийн зэрэгцээ ангийн алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээг тухай бүрт гүйцэтгэн ажиллаж байна.

НОБГ-ЫН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСИЙН ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ 26 ДУГААР АНГИЙН ГАЛ СӨНӨӨГЧ, АХЛАХ АХЛАГЧ БАТ-ЭРДЭНИЙН СОДНОМЦЭРЭН

Ахлах ахлагч Б.Содномцэрэн нь Онцгой байдлын байгууллагад 14 дэх  жилдээ үүрэг гүйцэтгэж байна.  Ажиллах хугацаандаа гамшиг осол, аюулт үзэгдэл, ослын 228 удаагийн дуудлагаар ажиллаж, 119 иргэний амь нас, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 3.2 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа.  Тухайлбал,   2025 онд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо төв замын хажууд үер, усны улмаас тогонд цохиулан усанд осолдсон 2 иргэний амь насыг авран хамгаалж, осолдож болзошгүй 3 иргэнийг аюулгүй газарт шилжүүлсэн.  Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль болон холбогдох хуулиудыг иргэдэд сурталчлах ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 3, 4, 5 дугаар хорооны нийт 640 айл өрхийн 1000 гаруй хүнд ухуулга сурталчилгааны ажлыг зохион байгуулж, тус хорооны мухар гудамж, шуурхай албаны автомашин хүрэлцэн очих боломжгүй айл өрхийн судлагааг хорооны хэсгийн ахлагч нартай хамтран нарийвчлан гаргаж, аюулгүй байдлыг хангууллаа. Мөн тэрээр албаны бэлтгэл бэлэн байдал, алба хаагчдын ажиллах орчин, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд бүтээн байгуулалт, шинэ санаачлагыг дэвшүүлж, манлайлан ажиллаж байгаа алба хаагчдын нэг юм.

БАЯНХОНГОР АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 16 ДУГААР АНГИЙН АВРАГЧ-ГАЛ СӨНӨӨГЧ, АХЛАХ АХЛАГЧ БАЯРААГИЙН МӨНХНАСАН

Ахлах ахлагч Б.Мөнхнасан нь Онцгой байдлын байгууллагад 15 дахь  жилдээ ажиллаж байна. Ажиллах хугацаандаа гамшиг осол, гал түймэр, үер, усны 220 гаруй удаагийн дуудлагаар ажиллаж, 1100 гаруй иргэний амь нас, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 3 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа. Тухайлбал, 2025 онд 12 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 25 иргэний амь нас, 1.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалж, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд гарсан ой, хээрийн түймэрт 11 хоног үүрэг гүйцэтгэсэн. Мөн  гал түймрийн дуудлагаар ажиллахдаа түймэрт өртөж болзошгүй 90 иргэнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж, 2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 5 давхар орон сууцны барилгыг гал түймрийн аюулаас авран хамгаалсан. Ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, үүрэг гүйцэтггэх бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх хүрээнд даралтын хоолой угаагч төхөөрөмж болон зөөврийн хоолой эвхэх хэрэгслийг шинээр зохион бүтээж, албаны үйл ажиллагаанд ашиглаж байна.

УВС АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ЭРЭН ХАЙХ, АВРАХ САЛБАРЫН АВРАГЧ-УСЧИН, АХЛАХ АХЛАГЧ ДАВААНЯМЫН  ГОНЧИГСҮРЭН

          Ахлагч ахлагч Д.Гончигсүрэн нь Онцгой байдлын байгууллагад 9 дэх  жилдээ үүрэг гүйцэтгэж байна. Ажиллах хугацаандаа гамшиг осол, гал түймэр, үер, усны 60 гаруй удаагийн дуудлагаар ажиллаж, 495 иргэний амь нас, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 350 гаруй сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа. Тухайлбал, 2025 онд 12 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж,  25 иргэний амь нас, 120 сая гаруй төгрөгийн эд хөрөнгийг хамгаалж, Увс, Хяргас нуурт живсэн тээврийн хэрэгслүүдиийг татан гаргах ажиллагааны үеэр 3-18 метрийн гүнд нийт 10 гаруй удаагийн шумбалт хийж, автомашиныг татан гаргасан. Мөн гол, усны ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд Хяргас нууран дээгүүр завьт болон усны мотоциклоор эргүүл, хамгаалалтын ажлыг хийх хугацаандаа зориулалтын бус хөвөгчөөр хөвж яваад хөмөрч живж байсан нэг хүүхэд, хийлдэг цагирагтай 4 иргэн хөл алдаж гүн рүү живж байсныг тус тус шуурхай арга хэмжээ авч, амь насыг хамгаалсан. Түүнчлэн аймаг, орон нутагт гарсан ой, хээрийн түймрийг унтраах ажлын бүлэгт 10 удаа 22 хоног үүрэг гүйцэтгэхдээ 2800 га талбайн ой мод, бэлчээрийг хамгаалах ажлыг зохион байгуулж, байгаль, экологийн тэнцвэртэй байдлыг хамгаалсан зэргээр үүргээ амжилттай биелүүлж байна.
 

ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ТОСОНЦЭНГЭЛ СУМ ДАХЬ  ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСИЙН ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 39 ДҮГЭЭР АНГИЙН ГАЛ УНТРААХ АВТОМАШИНЫ ЖОЛООЧ, АХЛАХ АХЛАГЧ МАНЬБАДАРЫН ДОРЖБАЯР

    Ахлах ахлагч М.Доржбаяр нь Онцгой байдлын байгууллагад 12 дахь жилдээ ажиллаж байна. Ажиллах хугацаандаа гамшиг осол, гал түймэр, үер усны 80 гаруй удаагийн дуудлагаар ажиллаж, 32 иргэний амь нас, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 850 гаруй сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа. Тухайлбал 2025 онд 9 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 8 иргэний амь нас, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 370 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна. Мөн амарч байх хугацаандаа Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн Хожуул голд бага насны 2 хүүхэд живж байсныг харж, амь биеийг хамгаалсан.  Алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах хүрээнд өөрийн санаачилгаар сургалт дадлага болоод бүтээн байгуулалтын ажлыг хийдэг бүтээлч алба хаагчдын нэг юм.
 
 

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 36 ДУГААР АНГИЙН АВРАГЧ-ГАЛ СӨНӨӨГЧ, АХЛАХ АХЛАГЧ АЮУРЫН БАЯРБАТ

  Ахлах ахлагч А.Баярбат нь Онцгой байдлын байгууллагад 14 дэх жилдээ үүрэг гүйцэтгэж байна. Ажиллах хугацаандаа гамшиг осол, гал түймэр, үер усны 190 гаруй удаагийн дуудлагаар ажиллаж, 1000 гаруй иргэний амь нас, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа.  Тухайлбал 2025 онд 20 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 15 иргэний амь нас, 2.5 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалж, Сэлэнгэ аймгийн Хушаат, Зүүнбүрэн,  Хүдэр суманд гарсан 92 удаагийн ой, хээрийн түймрийн голомтод 20 хоног ажилласан байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ