Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ.
Академич С.Нарангэрэлийн Үндсэн хуулийг хэрэгжүүлэх эх үндэс болсон хууль тогтоомжийг шинэчлэн батлах, хууль зүйн боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, үндэсний эрх зүйн тогтолцоо, хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмэр, Эзэн Чингис хааны дэлхий дахинд шударга ёс, энхийг тогтоосон үйл хэрэг, гарамгай гавьяаг сурвалжлан судлахад хөдөлмөр зүтгэлээ зориулж, эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх олон арван бүтээл туурвин, шинжлэх ухааны болон сургалт, судалгааны эргэлтэд оруулсныг ийнхүү үнэлэн алдаршуулж байна.
С.Нарангэрэл нь Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, МУИС-ийн эмерит профессор, Япон Улсын Нагояагийн их сургуулийн хүндэт доктор, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич.
Удам дамжсан эрдэмтэн, багш, сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч, нэрт хуульч, өмгөөлөгч, хууль тогтоогч, төр, нийгмийн зүтгэлтэн юм.
Тэрбээр МУИС-ийн Хууль зүйн сургуульд 50 гаруй жил багшлахдаа хууль зүйн салбарын дотоод, гадаадын 30 гаруй эрдэмтэн, олон мянган хуульч бэлтгэжээ.








