
Өвөл, хаврын улиралд бага насны хүүхдээр хурдан морь унуулах нь хүүхдийн сурч боловсрох эрхэд халдаж цаашлаад эрүүл мэнд амь насанд эрсдэл учруулж байгааг албаныхан дурдах болсон. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 57 тогтоолоор “Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 хүртэлх насны хүүхдийг хурдан морь унуулахыг хориглосон тогтоол гарсан. Тодруулбал, өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд хүүхдийг оролцуулах нь хүүхдийн хичээл сургууль завсардах, амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах эрсдэл өндөр байдаг.
Түүнчлэн, 2025 онд 613 хурдан морины уралдаанд 12,202 уралдаанч хүүхэд бүртгэгдсэнээс мориноос унасан 343 хүүхэд, бэртэл гэмтэлгүй 250, хөнгөн гэмтэл авсан 88, хүнд гэмтэл авсан таван хүүхэд байжээ.
- 2020 он: 169 уралдаанд 211 хүүхэд мориноос унаж, таван хүүхэд бэртэл гэмтэл авч, гурван хүүхэд амь насаа алдсан.
- 2021 он: 21 уралдаанд 1,452 хүүхэд уралдаж, 48 хүүхэд мориноос унаж, нэг хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болж морины бэлтгэл ажлын үед гурван хүүхэд нас барсан.
- 2022 он: 259 уралдаанд 397 хүүхэд мориноос унаж, зургаан хүүхэд нас барсан. Үүнээс морины бэлтгэлийн үед гурван хүүхэд, сумын баяр наадмын үед гурван хүүхэд нас барсан.
- 2023 он: 353 уралдаанд 464 хүүхэд мориноос унаж, нэг хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болж, дөрвөн хүүхэд нас барсан.
- 2024 он: 388 уралдаанд 212 хүүхэд мориноос унаж, 87 хүүхэд хөнгөн гэмтэл, таван хүүхэд хүнд гэмтэл, морины сунгаа, бэлтгэл, ахуйн хүрээнд мориноос унаж дөрвөн хүүхэд нас барсан байна.
Иймд уяач, эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийн эрхийг нэгдүгээрт тавьж өвөл, хаврын улиралд 18 нас хүрээгүй хүүхдийг хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд оролцуулахгүй байхыг уриалж байна.







