Өмнөд хилийн Замын-Үүд боомтоор энэ сарын 14-нд их хэмжээний алт хилээр гаргах гэж байсан хятад, монгол иргэдийг тагнуул, гаалийн байгууллагынхны хамтарсан шалгалтаар илрүүлж баривчиллаа. Алтны ченж нэртэй монгол, тэднээс өндөр үнээр дамжуулан худалдан авдаг хятад иргэдийн хамтарсан эл бүлэглэлийнхэн 3.3 кг алт биедээ нууж хил да¬вуулах гэж байсан аж. Өдгөө тэднийг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт Эрүүгийн хуулийн 18.5-4 дэх хэсгийн “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон бараа, эрдэнэс, эрдсийг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх заалтын дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Дээрх бүлэглэлийнхний хил нэвтрүүлэх гэж байсан 3.3 кг алтыг Монголбанкны тухайн өдрийн ханшаар тооцвол 1.5 тэрбум гаруй төгрөгөөр үнэлэгдэх аж. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засагт ийм хэмжээний хохирол учруулахыг завдсаныг тагнуул, гаалийн байгууллагынхан таслан зогсоосон байна.
Үүний өмнөх долоо хоногт тагнуулынхан 700 гаруй тэрбум төгрөгтэй тэнцэхүйц валют удаа дараа хилээр гаргаж, улсын эдийн засагт хохирол учруулж байсан бүлэглэлийнхнийг илрүүлээд буй билээ.







