Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020.12.21-ний тогтоолоор “Архив, албан хэрэг хөтлөлтийн мэргэжилтэй боловсон хүчнээр хангах, удирдах болон гүйцэтгэх ажилтны мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх аймгийн хөтөлбөр”-ийг баталж, бодлогын үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Сүүлийн жилүүдэд орон нутагт Архив, бичиг хэргийн мэргэжилтэй боловсон хүчний нөөц хомс болж, Архив бичиг хэргийн ажилтнууд нь албан тушаалын тодорхойлолт, мэдлэг, ур чадварын шаардлагад нийцэхгүй байх зэрэг хүндрэлтэй асуудлууд үүсээд байсантай холбоотойгоор тус хөтөлбөрийг хэрэгжүүлжээ.
Хөтөлбөрийн хүрээнд Архив, бичиг хэргийн ажилтныг Түүх архивын "Тэнгэр" дээд сургуультай хамтран сургалтын төлбөрт нь дэмжлэг үзүүлж, ажлын байрнаас нь хөндийрүүлэхгүйгээр, эчнээ болон онлайн хэлбэрээр хичээллэж, орон нутагт нь дээд боловсрол буюу бакалаврын зэрэг олгох ажлыг зохион байгуулж байна. Тэгвэл тус хөтөлбөрт хамрагдан Тэнгэр дээд сургуулийг 2021, 2022 онд төгсөгч 25 мэргэжилтэн дээд боловсролын бакалаврын диплом, ромбо тэмдгээ энэ сарын 22-нд гардан авлаа. Ромбо, диплом гардуулах ёслолд Баянхонгор аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхжаргал, Тэнгэр дээд сургуулийн “Архив” судлалын тэнхимийн эрхлэгч, архив албан хэрэг хөтлөлтийн багш Докторант О.Галбадрах, Түүх – Архивын багш докторант Г.Сарангэрэл, аймгийн Төрийн архивын тасгийн дарга В.Эрдэнэчимэг нарын холбогдох удирдлагууд оролцож төгсөгчдөд халуун баяр хүргэн амжилт хүсэв.
Сонирхуулахад, Баянхонгор аймгийн хэмжээнд төрийн 180 орчим байгууллага үйл ажиллагаа явуулж тэдгээрт нийт 200 орчим архив, бичиг хэргийн ажилтнууд ажилладаг. Үүнээс 120 орчим нь архив, бичиг хэргийн ажлыг орон тоогоор, үлдсэн хэсэг нь хавсарсан орон тоогоор хариуцан ажиллаж байгууллагыг баримтжуулах, архивжуулах үүргийг гүйцэтгэж байна.