http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Нүүрсний экспорт өмнөх сараас 2 дахин нэмэгджээ


Монгол Улсын Засгийн газрын 2025 оны долоодугаар сарын 9-ний өдрийн 26 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, тус компанид Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийг томилон ажиллуулж байгаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК дахь Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн энэ хугацаанд авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүнгийн талаар энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
 

Онцгой дэглэмийн хугацаанд улс орны эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, гадаад валютын орох урсгал, нөөцийг нэмэгдүүлэх, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд нүүрс тээвэрлэх, ачих, хил нэвтрүүлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох, салбар дундын уялдааг сайжруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх болон компанийн удирдлага, зохион байгуулалт, хяналт, сахилга, хариуцлагыг дээшлүүлж, компанийн үйл ажиллагаанд тулгарч байгаа хүндрэлтэй асуудлыг шуурхай шийдвэрлэхийг даалгасан.  
Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг олборлолт, тээвэр, борлуулалт болон бусад үйл ажиллагааг сайжруулах гэсэн үндсэн 4 чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан ажиллаж байна. Төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах хүрээнд, олон улсын нүүрсний зах зээлийн үнийн уналтаас шалтгаалан зогсоод байсан биржийн зарим гэрээний худалдан авагчидтай хэлцэл хийн гэрээний дагуу төлсөн төлбөрт гэрээнд тусгасан үнээр буюу арилжаа хийх үеийн өндөр үнээр нүүрсийг нийлүүлж гэрээг дүгнэж, дуусгавар болгохоор тохиролцсоноор 5 гэрээ үргэлжлэн хэрэгжихээр боллоо.
2025 оны эхний хагас жилд нийт 85 удаагийн нээлттэй цахим арилжаа зохион байгуулснаас 65 удаагийн арилжаа амжилтгүй болж, 20 удаагийн арилжаагаар 1.3 сая тонн нүүрс арилжаалсан. Харин Ганцмод боомт дахь хатуу коксжих нүүрсний үнэ долоодугаар сарын эхээр өсөж, 1 тн нүүрсний үнэ 700 юаниас 1000 юань хүртэл өссөн бөгөөд биржийн арилжааны зохион байгуулалтыг сайжруулснаар долоодугаар сараас наймдугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд 23 удаагийн биржийн арилжаагаар 1.4 сая тонн нүүрс арилжааллаа.  
Түүнчлэн биржээр борлуулсан нүүрсний экспорт оны эхнээс буурсаар зургаадугаар сард 132.8 мянган тоннд хүрээд байсан бол зөвхөн долоодугаар сард 268.7 мянган тонн болж, өмнөх сараас 2 дахин нэмэгдсэн тухай Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.  
 
Нүүрс тээврийн үйл ажиллагааг нэмэгдүүлж, зарим төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлж байна. Тухайлбал, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв (ТНАЛТ)-ийн үйл ажиллагааг жигдрүүлэх, ашиглалтад оруулах, төслийг бүрэн хүчин чадлаар ажиллуулах зорилгоор Хяналт шалгалтын баг болон техникийн ажлын хэсгийг томилон ажиллуулж байна. Мөн Нүүрс баяжуулах үйлдвэрийг тэжээлээр хангах, Авто ачилтын байгууламжийн үйл ажиллагаанд процессын зураг авалт хийж үйл ажиллагааг жигдрүүлэхээр ажиллаж байгаа болон компанийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох, өр төлбөр, зардал бууруулах үр ашгийг нэмэгдүүлэх хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажил, үр дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд онцлон танилцуулав.    
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн танилцуулга тайлан мэдээллийг сонссоны дараа Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд онцгой дэглэмийн хугацаанд хийж хэрэгжүүлж байгаа ажлын үр дүнг сайшааж, цаашид богино хугацаанд үр дүнтэй ажиллахыг үүрэг болголоо.  
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ