“Цахим Ховд” аймгийн дэд хөтөлбөрийг баталлаа гэж ИТХ-аас мэдээллээ. Тодруулбал, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т цахим технологид тулгуурласан иргэн төвтэй төрийн үйлчилгээнд бүрэн шилжих нэгдсэн бодлогыг хэрэгжүүлнэ гэж заасан.
Иймд бодлогын баримт бичгүүдэд тусгасан цахим хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд мэдээлэл, харилцаа холбооны орчин үеийн технологи, цахим мэдээлэл солилцооны нэгдсэн системийг төрийн байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлж, ажлын бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх замаар үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, хүнд сурталгүй, шуурхай, шударга, ил тод (цахим) засаглалыг төлөвшүүлэх зорилгоор Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 68 дугаар тогтоолоор “Цахим Ховд” дэд хөтөлбөрийг баталлаа.
Тус хөтөлбөрийг 2021-2024 онд хэрэгжүүлэх бөгөөд төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудад мэдээлэл, харилцаа холбооны орчин үеийн технологи, дотоод удирдлагын нэгдсэн систем нэвтрүүлж, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг цахимжуулах замаар чанар, хүртээмж, ил тод, нээлттэй, шуурхай байдал, иргэдийн оролцоог сайжруулахаар зорьж буй.
“Цахим Ховд” аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр: иргэн, хуулийн этгээдэд цахим хэлбэрээр хүргэх төрийн үйлчилгээний тоо, чанар, хүртээмж нэмэгдэнэ.
-Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудын интернэтийн хурд сайжирч, цахим хурал, зөвлөгөөн, сургалт, семинар, хэлэлцүүлэг зэрэг аливаа үйл ажиллагааг өргөтгөсөн хэлбэрээр шуурхай зохион байгуулах боломж бүрдсэн байна.
-Аймгийн хэмжээнд erp.e-mongolia.mn төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем нэвтрүүлснээр байгууллага, албан хаагчдын баримт бичиг, мэдээллийг шуурхай солилцох нөхцөл бүрдэж, ажлын бүтээмж болон цахим баримт бичгийн эргэлт сайжирч, бичиг хэргийн болон шуудангийн зардлыг бууруулна.
-Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал сайжирна.
-Төрийн албан хаагчдыг сургалтад хамруулах замаар мэдлэг боловсролыг нь дээшлүүлснээр чадварлаг, мэргэшсэн хүний нөөц бүрдэнэ.
-Төрийн бодлого, шийдвэр гаргах үйл явцад иргэд цахим хэлбэрээр оролцох боломж нэмэгдэж, үйл ажиллагааны ил тод, шуурхай байдал нэмэгдэнэ.
-Сум, байгууллагууд байнга хадгалах баримтын цахим архивыг цаг тухайд нь үүсгэж, байгууллагын архивт цахим архивын сан бий болно.
-Төрийн албан хаагчдын цахим албан хэрэг хөтлөх, дотоод удирдлагын систем ашиглахтай холбоотой чиг үүргийг “Албан тушаалын тодорхойлолт”-д нь тусган төрийн албан хаагч бүр дотоод удирдлагын системийг тогтмол ашиглаж, албан бичгийг цахимаар солилцож хэвшсэн байна гэж албаныхан төлөвлөжээ.