Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, “Смарт” худалдааны төвийн байранд байрлах “Таван богд фүүдс” ХХК-ийн “KFC Смарт” салбараас “Парти” багц захиалж тахиа идээд хордсон тухай иргэний гомдол, мэдээллийн дагуу Баянгол дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсээс хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар хордсон гэх иргэн эрүүл мэндийн байгуулагад хандаж хордлого гэдгийг албан ёсоор оношлуулаагүй байна.
Тус салбар нь 2022 оны наймдугаар сарын 07-ны өдөр халуун ногоотой тахиа, нухсан төмс, салад, бургерын талхны дээжийг авч, бүртгэл хөтөлсөн, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний гарал үүсэл, шинжилгээний бичгийг бүрдүүлсэн, хөргөгч, хөлдөөгчний хэмийг тогтмол хянаж бүртгэл хөтөлсөн, тогооч, ажилчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хугацаандаа хамрагдсан байжээ. Тухайн өдөр “Парти” багцнаас нийт 1227 ширхэгийг борлуулсан бөгөөд бусад иргэдээс хордлого авсан гэх гомдол мэдээлэл ирүүлээгүй байна.
Шалгалтаар улсын байцаагч 2022 оны наймдугаар сарын 07-ны өдрийн дээжийг устгахгүй байх, шинжилгээнд хамруулах талаар тус газарт анхааруулсныг зөрчиж тухайн дээжийг устгасанд Зөрчлийн тухай хуулийн 15.2.1.1 улсын байцаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ оногдуулахаар ажиллаж байна.
2022 оны 08 сарын 08, 09-ний өдрүүдийн бүтээгдэхүүн болон усны дээж авч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын “Төв лаборатори”-д шинжилгээнд хамруулахаар хүргүүллээ, хяналт шалгалт үргэлжилж байна.