Малчдын ахуй амьдрал, бэлчээр нутгийн хүйн холбоог дуу чимээ, дуу хөгжмөөр дамжуулан судлах, орон нутгийн иргэдэд энэ төрлийн мэдлэг ойлголт өгөх зорилгоор “Монголын дуу чимээ” төслийн судалгааны ажлыг Архангай аймгийн Ихтамир, Өндөр-Улаан сум болон аймгийн төвд хэрэгжүүлж байна.
Монгол, АНУ-ын эрдэм шинжилгээний хамтарсан судалгааны баг 2022 оны 5 дугаар сарын 1-нээс судалгааны ажлаа эхлүүлжээ. Судалгааны багийн ахлагч Др. Брайн Пижановский болон судалгааны багийн гишүүн Др. Ж.Чанцаллхам нарыг аймгийн Засаг дарга М.Батжаргал хүлээн авч, төслийн явц, үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцжээ.
Дуу чимээ (шувуудын жиргээ, байгалийн бусад дуу чимээ, малчдын дуу хуур аялгуу тухайлбал, уртын дуу болон хөөмий зэрэг) нь малчид иргэдийн бэлчээр газар нутгаа хайрлах, хамгаалахад хэрхэн нөлөөтэй байдаг талаар судалгааны ажил өрнөх юм.
“Монголын дуу чимээ” Шинжлэх ухааны судалгааны багийн бүрэлдэхүүнд АНУ-ын талаас Пүрдүй Их сургууль, Колорадо мужийн Их сургууль, Аризона мужийн Их сургууль, Техасын Их сургуулийн судлаач профессорууд, Монгол талаас ЮНЕСКО-гийн ивээл дор Нүүдлийн Соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Америкийн Монгол Судлалын төв гэсэн байгууллагууд багтаж байгаа юм.“Монголын дуу чимээ” төслийн судалгааны ажлыг Америкийн Шинжлэх Ухааны Сангаас санхүүжүүлж байгаа аж.