Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас энэ сарын 4-нд УИХ-д өргөн барьсан. Хуулийн төсөлд эдийн засаг, хүн амын амьжиргаа, инфляцид хамгийн голлох нөлөөтэй газрын тосны бүтээгдэхүүн, гурил, мах зэрэг бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн хомсдол, үнийн өсөлтөөс сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулахаар тусгасан байна.
Мөн Монгол Улсын гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх, үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Монголбанканд тушаах алтны хэмжээг нэмэгдүүлэх, Монгол Улсын хилээр бэлэн гадаад валют гаргахад хязгаарлалт тогтоох харилцааг зохицуулна. Хууль батлагдсанаар дэлхий нийтийн хэмжээнд цар тахлын цаашдын төлөв байдал болон ОХУ болон Украин улсын зэвсэгт мөргөлдөөний үргэлжлэх хугацаа, олон улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл тодорхой бус, нөхцөл байдал түргэн хугацаанд эрс өөрчлөгдөж байгаа энэ цаг үед ард иргэдийн амьдралд хамгийн том нөлөө үзүүлдэг газрын тосны бүтээгдэхүүн, мах, гурилын хангамж нийлүүлэлтийн хомсдол үүсэх, үнэ өсөхөөс сэргийлж, нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулна үзэж байна.
Монгол Улсын Үндсэн хууль болон Засгийн газрын тухай хуульд Засгийн газар нь “Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ” гэж заасныг үндэслэн Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль, тогтоомжийн төслийг боловсруулаад байгаа юм. Тэгвэл үнэ тогторжуулна гэж нэрлэж буй энэхүү хуулийн төслийг баасан гарагийн чуулганаар эцэслэн баталлаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 18. ДАВАА ГАРАГ. № 77 (6809)