Дорноговь аймгийн түүхэн дурсгалт газар болох Сайншанд, Сайхандулаан, Өргөн, Эрдэнэ, Улаанбадрах сумын нутаг дэвсгэрийг хамарсан Хамарын хийд, Ханбаянзүрх хайрхан орчмын газар нутгийг дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах нөхцөл боломжийг тодорхойлох ажлыг албаныхан дэвшүүлж байна.
Мөн Хатанбулаг, Хөвсгөл сумын нутгийг хамарсан Шунхатын тал орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад авах, Айраг, Даланжаргалан сумын нутгийг хамарсан улсын тусгай хамгаалалттай Их нартын байгалийн нөөц газрын ангилал ахиулах асуудлуудыг ч ярилцаж байгаа аж.
Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, УИХ-ын Тамгын газрын дарга Хяналт шалгалт, үнэлгээний газрын Хяналт шалгалтын хэлтсийн зөвлөх С.Эрдэнэчимэг, референт Х.Хэрлэн, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Д.Батмөнх, мэргэжилтэн Т.Болдбаатар болон холбогдох албаны төлөөллүүд оролцсон Ажлын баг Дорноговь аймагт дөрөвдүгээр сарын 9-нд ажиллажээ.
Ажлын багийнхан Хамарын хийд, Ханбаянзүрх хайрхан орчмын газар нутаг, Шунхатын талыг улсын тусгай хамгаалалтад авах, Их нартын байгалийн нөөц газрын ангилал ахиулах асуудлуудыг ирэх зургадугаар сард багтаан УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.