Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ариутгалын тасгийн барилгын засвар болон тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Тус тасгийг “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр” /ЭМСХХ/-5 төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр ашиглалтад оруулсан байна.
Түүнчлэн Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх, халдварын сэргийлэлт хяналтыг сайжруулах ажлуудыг хийж гүйцэтгэжээ.
Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлэхдээ “Аль ч улс оронд эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай, эрсдэлгүй байх ёстой. Тиймээс ч эрүүл мэндийн байгууллагуудын барилга байгууламжийн зөв төлөвлөлт техник, технологийн дэвшил, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавх, аюулгүй орчин нөхцөл юу юунаас чухал” гэсэн юм.
/ЭМСХХ/-5 төслийн хүрээнд хийгдсэн аймгийн Нэгдсэн эмнэлгийн төвлөрсөн ариутгалын тасгийн 383.5 сая төгрөгийн барилгын их засвар болон 867.9 сая төгрөгийн өртөг бүхий ханган нийлүүлсэн 14 нэр төрлийн 15 ширхэг тоног төхөөрөмж зэрэг хөрөнгө оруулалтыг хүлээлгэн өгөв. Мөн хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах чиглэлээр 91 эмч, мэргэжилтнүүдийг сургаж, дадгалжуулсан байна.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам