Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Г.Отгонням: 1977, 1997 онд төрсөн хүмүүс иргэний үнэмлэхний сунгалт хийлгэнэ



Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс өнгөрсөн онд Зөрчлийн тухай хуулиар иргэний болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 779 зөрчилд шийтгэл оногдуулсан байна. Эдгээр зөрчлийн 96 хувийг иргэний улсын бүртгэлтэй холбоотой зөрчил эзэлжээ. Иймээс энэ төрлийн зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хяналтын улсын байцаагч Г.Отгоннямаас тодрууллаа.

-Өнгөрсөн онд ямар зөрчлүүд голлон гарсан бэ?
-Өнгөрсөн онд 779 зөрчил гарсны ихэнх нь иргэний улсын бүртгэлтэй холбоотой байсан. Тухайлбал 16 нас хүрээд бүртгэл хийлгээгүй 196, 25 насны сунгалт хийлгээгүй 191, 45 насны сунгалт хийлгээгүй 134 иргэн байна. Мөн шинээр төрсөн хүүхдээ 30 хоногийн дотор бүртгүүлээгүй 12, шүүхийн журмаар гэрлэлтээ цуцлуулсан ч 3 хоногийн дотор бүртгэлээ хийлгээгүй 8, нас барсны бүртгэлийн хугацаа хэтэрсэн 4 зөрчилд тус тус арга хэмжээ авсан.
 Тэрчлэн хуулийн этгээдийн улсын бүртгэлээ хугацаанд нь хийлгээгүй 4 хуулийн этгээдэд арга хэмжээ авсан.
-Хамгийн түгээмэл тохиолдож буй ямар зөрчил байна вэ?
-Иргэний үнэмлэхний сунгалттай холбоотой зөрчил байна. Жишээ нь: Зүүнхангай сумын иргэн Бат 25 нас хүрсэн бол төрсөн өдрөөс хойш 30 хоногийн дотор иргэний үнэмлэхний сунгалтаа аль ойрхон бүртгэлийн хэлтэст хийлгэх ёстой. Хэрвээ хугацаандаа сунгаагүй хоцорсон бол Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахуулна. Мөн аймгийн төвд өөрийн биеэр зайлшгүй ирж сунгалт хийлгэх шаардлагатай. Ингэхээр сум, аймаг хооронд ирж очих зардал, мөн хуулийн хугацаа хэтрүүлсэн торгууль зэргийг төлж, өчнөөн зардал гаргахаар болж байгаа. Харин хуулийн хугацаандаа бүртгүүлээд сунгалтаа хийлгэвэл ердөө 18300 төгрөг болдог.

Мөн иргэний үнэмлэхээ гээж үрэгдүүлсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар 30 мянган төгрөгөөр торгуулаад, 33300 төгрөгөөр шинээр захиалдаг байгаа. Иргэний үнэмлэх шинээр авах, сунгалт хийлгэх иргэд аль ойр байгаа нэгж дээр очих, харин гээсэн үрэгдүүлсэн иргэд цахимаар захиалж авах бүрэн боломжтой. Иргэний улсын бүртгэлийн багц хууль маань 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Өнгөрсөн онд аймгийн хэмжээнд 230 хүн иргэний үнэмлэхээ гээж, дахин шинээр авсан.

Бусдын гээгдүүлсэн үнэмлэх олж авсан тохиолдолд 72 цагийн дотор аль ойр байрлах бүртгэлийн нэгж, бүртгэлийн ажилтанд хүлээлгэж өгөх ёстой. Монгол Улсын иргэний үнэмлэхийг гэмтээх, бусдад барьцаалуулах, хуульд зааснаас ондоогоор бусдын үнэмлэхийг барьцаалах, ашиглахыг хориглодог. Хуулийн мэдлэггүйгээс болоод үйлчилгээний газрууд, иргэн, аж ахуйн нэгжүүд бусдын үнэмлэхийг барьцаалсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 50 нэгж буюу 50 мянгаар, хуулийн этгээдийг 250 нэгжээр торгох заалттай.

-Иргэдэд хандаж анхааруулах зүйл байна уу?
-Энэ жил 1977, 1997 онд төрсөн хүмүүс иргэний үнэмлэхний сунгалт хийлгэх, 2006 онд төрсөн хүүхдүүд 16 нас хүрч иргэний үнэмлэх шинээр авах юм. Эцэг эхчүүдэд анхааруулахад хүүхдийнхээ төрсөн өдөр болсноос хойш нэг сарын дотор ирж бүртгэлээ хийлгээрэй гэж хэлмээр байна.
-Танд баярлалаа.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ