Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хуягласан бодон гахай


Бодон гахай өөрийн зорилгыг биелүүлэх, өрсөлдөгчдөө давж гарахын тулд хөлдүүсээр (хөлдсөн шавар, элс) хуягладаг, сайн хуягласан үед бууны сум ч нэвтэрдэггүй гэж анчин өвгөд ярьдаг байв. Гэтэл орчин үед бодон гахайнаас илүү хуягласан төрийн албаны том дарга нар буй болчихлоо. Тэд наад зах нь гурван давхар хуягтай.
“Улсын Их хурлын гишүүний халдашгүй байдал”-аас эхлэлтэй гэж хэлж болно.
 
“Энэ заалтыг үндсэн хуулиас хасах нь зүйтэй. Зэрлэг капитализмын эхэн үеийн нөхцөл байдал Монголд маань буй болно. Энэ 76 дотор халдашгүй байдлыг ашиглаад сөрөг, муу зүйл хийх хүн гарна. Хурлын ирц (чухал үед) бүрдэхгүй болтол нь гишүүдийг саатуулчих тохиолдол гарахгүй шүү дээ. Тэгээд ч 76 бол Монголдоо бараг л 2 дахин ахадсан тоо” гэх санааг би Санждорж, Зардхаан, Чимэд нарт (Шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулах комисст хамтдаа ажиллаж байхдаа) ил далд олон удаа учирлан хэлсэн боловч тэд хэрэгсээгүй юм.
 
76 гишүүний 6 нь хэрэг хийж баригдлаа, хоригдлоо гэхэд л үлдэх 70 нь хэвийн л ажиллана шүү дээ. Энэ бол эхний хуяг нь. Удаах нь Үндсэн хуулийн Цэцийн бүрэлдэхүүн. Өөрийн хүмүүсээ томилуулаад өөрсдийн алдааг булах, өөрсөддөө тохирсон шийдвэр, хууль батлах боломж. Ерөнхийлөгч, УИХ, Дээд шүүх гурав тэнцүү тооны хүнийг санал болгож томилуулдаг. Тэд нар нь эргээд энэ эздийнхээ нөлөөнд автаж, заавраар нь шийдвэр гаргадаг. 
 
Жилд хэд гуравхан удаа гардаг “Үндсэн хууль зөрчсөн эсэх талаарх” цөөн хэргийг хэлэлцэхийн тулд тусгай байгууллага буй болгож, олон хүнийг өндөр цалинтай ажиллуулж, тэднийг томилох гэж бөөн цаг, цаас үрж, нийт дүндээ ихээхэн хөрөнгө мөнгө зарах хэрэггүй юм. Монголын төрийн тогтолцоо дахь илүүц, ихээхэн үрэлгэн энэ байгууллагыг орхих хэрэгтэй. Гурав дахь хуяг нь цагдаа, прокурор, шүүх-төрийн гурван өндөрлөгийн албат нар юм. Ийм гурван давхар хуягтай дарга нар зөвхөн ганц хуягтай бодонгоос илүү их амжилттайгаар хэргээ бүтээнэ дээ? Хэрэгт холбогдсон дарга нар, баячуудын 70-80 хувь нь ял завших болжээ. 
Шүүх засаглалыг (хууль хамгаалах байгууллагуудыг) Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын эрхшээл дор байхаар органик хуулиудыг зохиож баталсан нь том алдаа. Энэ нь 1992 оны Үндсэн хуулийн утга санаанд харш үйлдэл юм. “Хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй. Иргэн хүн төрийн аль нэгэн байгууллагатай заргалдлаа гэхэд хоёулаа яг л адил тэгш эрхтэй” гэх ойлголт, зарчим гурвалсан хуягтнуудад “хоосон үг, хол очиж хуцаа” гэсэн танхайрал болж хувирчээ. Яг өнөөгийн нөхцөлд гэхэд л том дарга нар ч авилга авч байна. Мөрдөн байцаагч нар ч авилга авч байна. Прокурорын ажилтан, шүүгч нарын зарим нь ч авилга авч байна.
Энэ дөрвөн авилгачид нэгнийгээ тойрон хаацайлж байна. Дээр нь бас авилгачин өмгөөлөгч нэмэгднэ, хөлсний популист сэтгүүлч нэмэгдэнэ. Ингээд л том хэргийг замхруулж, задгайруулж, хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгаж, хөөрхий хохирогчдыг цөхрөөж, элэг барьж, элгээр нь мөлхүүлж өгнө дөө. Аймшигтай байгаа биз? Гэхдээ бодон гахайнууд бүгд л хуяглах бололцоотой болохоор тэдний тэмцэл шудрага талдаа юм шүү...
 
 
Үндсэн хуулийн цэцийн үүргийг дэлхийн ихэнх оронд дээд шүүх нь л гүйцэтгэдэг. Тун сайн ч гүйцэтгэдэг. Яахлаараа монголчууд бид тусгай шүүх, тусгай эрхтэн, дархтанг төрүүлэх ёстой гэж? Энэ бол хоцрогдлын, муу уламжлалын нөлөө, илрэл юм шүү. Ийм муу нөлөөний үлдэгдэл, илрэл бидний амьдралын олон тал, хэсэгт байгаа нь баримттай зүйл. Гэвч тэрхүү муу, муухайгийн талынхан гэх хүмүүс дэндүү олон байдаг нь бас л нэг үнэн.
 
 
 
Аливаа бүхэн цаг үеэ даган хувьсаж, боловсронгуй болж байж л цаашид оршин тогтнох эрх олдог, зохих байр сууриа эзэлдэг билээ. Гэтэл аль XIII зууны юмс үзэгдлийг яг л тэр хэвээр нь улираан үлдээхийг зөвд тооцдог хүмүүс бас байнаа. 
 
Яг байснаараа үлддэг зүйл амьдралд биш музейд л байдаг жамтай. 100 хүрэхгүй жилийн дотор хүмүүс бид ч гэсэн их хувьсдаг даа. Бидний хүүхэд цагийн нүүр, царай альбомд л үлддэг болохоос биш 70,80 насанд тэр нүүр, царай огт байдаггүй биз дээ? Жишээ болгож, баримт хэмээж уйгаржин Монгол үсэг, бичгийг дурдаж болох юм. Уйгаржин, Уйгараас авсан гэдгээ ил хэлж, нэрлэж буй атлаа “манай үндэсний үсэг, бичиг” гэж зүтгэх хүн байх юм. Энэ үсэг, бичгээр монгол хэлээр бичиж ирсэн нь үнэн л дээ. Энэ үсэг, бичгийг орхих гэж, солих гэж Хувилай хаан (дөрвөлжин үсэг), Занабазар ( соёмбо үсэг), Зая бандида ( тод үсэг), хожуу нь латин үсэг, кирилл үсэг гэх мэтээр их л хичээцгээсэн дээ. Цаана нь ямар учир шалтгаан байсныг мэддэг, тооцдог хүн ч одоо алга бололтой...
Авилгатай тэмцэх газар дарга нарын хуяг болох уу, шударга ёсны өмөг, түшиг болох уу гэх асуултын өмнө ирчихээд байгаа мэт санагдах юм. АТГ алийг нь сонгох бол?
Монголоо, элэг нэгтнээ, ирээдүйгээ, үр ач нараа, шудрага ёсоо гэх сэтгэлтэй хэн боловч “бодон гахайн түр зуурын хуяг” болж нэр, нүүрээ баастахгүй л дээ. Ийм сэтгэл, ийм хүмүүжил, ийм үнэлэмж, баримжаалалтай хүмүүс л төрд, түмэнд хэрэгтэй байна. 
Хэргээр товчхон бичлээ. Энд яригдсан бүхнийг та нар эргэцүүлж сайн бодоорой. Өөрчлөхийн зайлшгүйд бодож, бясалгаж хүрээрэй. XXI зууны 20-иод оны түвшинд дүйцэх хэмжээнд Үндсэн хуулийн эрхээр мэрэгшсэн судлаач, эрдэмтдийг бэлтгэх ажил эхлээгүй шахам байна. Энэнд анхаарах шаардлагатай.
 
Боловсрол, хүмүүжил, ёс суртахууны доройтолд дээр дооргүй автах болсон нь анхаарал татах боллоо... Улсын баатар, хөдөлмөрийн баатар хүн, өндөр цолтой бөхчүүд, УИХ-ын гишүүн, аймгийн засаг дарга гэхчилэн олон хүн гэмт хэрэг үйлдэж ял авч байна. Бүр 40,50-иас дээш насандаа шүү. Энэ юуны илрэл, тусгал юм бэ? Төр засаг маань хэнийг шагнаад, одон зүүж, цол олгоод байна вэ? Энэ талын ажилд анхаарах хэрэгтэй болчихжээ. 
 
 
Урлаг, спортын элдэв холбоод, улстөрийн намууд гишүүдийнхээ боловсрол, хүмүүжил, ёс суртахууныг сул задгай хаях учиргүй билээ.
Хүүхдүүдээ эхэлж Монгол хэлтэй, монголжуу хүмүүжил, ёс суртахуунтай болгож байж л дараа нь гадаад хэл мэтэд нь анхаарах хэрэгтэй. Хэдийгээр даяаршлын эрин зуунд бид амьдарч байгаа боловч монгол хүн монголоороо л үлдэх учиртай билээ. Дэлхийн улс орон бүр л түүхэн уламжлалаа, өвөрмөц байдлаа, үндэсний соёл, зан заншлаа эдүүгээжүүлээд ч болов хадгалахыг л хүсдэг. Ингэх нь зөв зүйтэй гэж бүгд хүлээн зөвшөөрдөг шүү дээ. 
Монголчууд өөрсдийгөө таньдаг, бусдаас ялгадаг, дэлхий монголчуудыг таньдаг, бусдаас ялгадаг тэр үнэт шинжүүд бидний энэ цаг үед устах, арилах бий дээ!
Эцэг, өвгөдөөс уламжилж ирсэн үнэт шинжүүд маань монгол хүн нэг бүрийг “элэгсэг, хүмүүнлэг, зочломтхой, цайлган, сайн хүн” болгон сурган хүмүүжүүлж, яг л энэ үнэлгээгээр нь үнэлүүлж, алдаршуулж, магтуулж ирсэн юм шүү. 
Цаг цагийн монголчууд муу хүмүүс байгаагүй. Зэрлэг капитализмын богинохон үе, шатыг бид бүхэн хүмүүнлэг янзаараа даван туулахыг ухамсартайгаар хичээх үүрэгтэй, тэгж ч чадах болно.
 
 
Судлаач, профессор Д.Чулуунжав
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ