Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Гишүүдийн “давхар” дээл олон улсын байгууллагын албан тушаалаар нэмэгдэнэ


С.УЯНГА
Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэлсэн. Мөн Засгийн газрын бүтцэд хоёр шинэ яам нэмэгдэхээр болсон онцгой өрнөлтэй долоо хоног өнгөрлөө. Түүнчлэн олон нийтийн шүүмжлэлд өртсөөр ирсэн “давхар” дээлийн асуудал дахин сөхөгдлөө. Улсын их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа парламентын гишүүд олон улсын болон төрөлжсөн байгууллага удирдах эрхийг нээж өгөхөөр тусгасныг дэмжлээ. 
ПАРЛАМЕНТ 76-УУЛАА БОЛЛОО  
Нөхөн сонгуульд олонхийн санал авсан хоёр гишүүн тангараг өргөснөөр бараг хоёр жилийн дараа парламент 76-уулаа боллоо. Пүрэв гаригийн чуулганы хуралдааны эхэнд Хэнтий аймгаас Ц.Идэрбат, Сонгинохайрхан дүүргээс Э.Батшугар нар олонхийн санал авсныг Сонгуулийн төв байгууллага танилцуулж, гишүүд тангараг өргөсөн юм. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран нөхөн сонгуулийн дүнг танилцуулахдаа “Нөхөн сонгуулийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлж, сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигч тэдгээрийн ажиглагч, иргэд сонгогчдод хяналт тавих, ажиглалт хийх боломжоор бүрэн хангаж ажиллалаа. Аравдугаар сард явагддаг сонгууль нь улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах өргөн цар хүрээтэй ажилтэй зэрэгцэн явагддаг онцлогтой бөгөөд дэлхий нийтэд аюул учруулж буй цар тахлын хүндхэн нөхцөл байдал нь сонгогчдын ирц оролцоонд нөлөөлөх хүчин зүйлийн нэг болсныг үгүйсгэх аргагүй юм. Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн саналын хуудсыг нийт 148 хэсэгт 100 хувь гар аргаар хяналтын тооллого хийсэн бөгөөд санал тоолох төхөөрөмжийн дүн хяналтын тооллогын дүнтэй бүрэн тохирсон болно” гэдгийг онцолсон юм. 
Үүний дараа шинээр сонгогдсон гишүүд Улсын Их Хурлын гишүүний тангаргийг уншиж, Төрийн сүлдэнд мэхийн ёсолж, төрийн далбаанаас адис авч, тангаргийн бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон Энхбаярын Батшугар, Цагаанхүүгийн Идэрбат нарын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол батлагдаж, тэр мөчөөс эхлэн хэрэгжиж эхэллээ. 
ХӨГЖЛИЙН БОЛОН ЦАХИМ ЯАМ ТУС БҮР 80 ХҮНИЙ ОРОН ТООТОЙ БАЙНА
Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухаa хуулийн төслүүдийг  хэлэлцэж эхэлсэн нь онцлог байв.   Засгийн газраас боловсруулж Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлд Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулан ажиллуулахад шаардагдах санхүүжилтийг тусгаад байгаа юм. Ийнхүү Засгийн газар хоёр шинэ яамаар “бүл” нэмэх асуудлаар УИХ-ын гишүүн С.Чинзориг " Үндсэн хуулиар давхар дээлтэй сайд нэмэх боломжгүй. Дан дээлтэй сайд байх нь. Дан дээлтэй сайд нь хөгжлийн сайд хийгээд, Сангийн яамаа аваад асуудлаа шийдээд явах бололцоо хэр байна гэж харж байгаа бол. Хоёр яам, дөрвөн агентлаг шинээр байгуулах юм байна” гэсэн юм. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж гишүүдийн асуултад хариулахдаа  "Эдийн засгийн төлөвлөлттэй холбоотой асуудал 30 жилийн хугацаанд хоёр дахь удаагаа УИХ-д орж ирж байна. Энэ эрхийг нэмнэ, энэ нь хэрэггүй гэвэл Засгийн газар биелүүлээд явна. Эдийн засгийн хөгжлийн бодлого хариуцдаг газрын Шадар сайдад хариуцуулах, шинэ сайдыг Шадар сайдын түвшинд тавиад шийдвэр гаргуулж болно.Эдийн засгийн хөгжлийн яамны төсөв дээр 4.3 тэрбум төгрөг, Цахим яамны төсөв дээр 1.8 тэрбум төгрөг суусан. 30-40 хүнтэй хоёр агентлаг ажиллаж байгаа. Төсөвт тооцож оруулсан нь Хөгжлийн болон Цахим яам тус тус 80 хүний бүрэлдэхүүнтэй байх юм. Цаашид өөрчлөгдөж болно” гэв.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан " IT парк байгуулах хэрэгтэй. Цахим халдлагын асуудал хэрээс хэтэрлээ. Хувь хүний нууц, мэдээллийн үнэн бодит байдлын асуудлыг Цахим яам онцгой сайн хариуцах хэрэгтэй” гэсэн байр суурийг ч илэрхийлж байлаа. 
ГИШҮҮД ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГАД АЖИЛЛАЖ БОЛНО  
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Т.Доржханд нарын өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг олонх нь дэмжлээ.  Парламентаас 2020 оны хавар баталсан Улсын Их Хурлын тухай хуулийн 42 дугаар зүйлд Их Хурлын гишүүний хавсран гүйцэтгэж болох ажил, албан тушаалыг заасан. Тодруулбал, Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, улс төрийн намын сонгуульт албан тушаал, багшлах болон эрдэм шинжилгээний ажил эрхлэх, төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаал эрхэлж болохоор зохицуулсан. Тэгвэл хууль санаачлагчид Монгол Улсын улс төрийн гадаад харилцааны бодлогын зорилгыг хэрэгжүүлэх, олон улсын байгууллага дахь үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, өөрийн орны болон дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах, Монгол Улсын парламентын бодлогыг олон улсын байгууллага болон төрөлжсөн байгууллагын бодлого, шийдвэрт тусгуулахын тулд Улсын Их Хурлын гишүүний хувиар тухайн байгууллагын сонгуульт албан тушаалд сонгогдох нь чухал гэж үзэн  нэмэлт оруулахаар боловсруулжээ. Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар  “Их Хурлын гишүүдийн үндсэн үүрэгт нь хамаарах ажлаар олон улсын болон тодорхой төрлийн байгууллагын сонгуульт албан тушаалд сонгогдон ажиллах эрх зүйн орчныг нээлттэй болгохгүй бол хуулийн зөрчил мэт харагдах талтай. Тиймээс энэ онцлогийг тооцож, иргэд олон нийтэд танилцуулж, судалгаа хийж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх нь зүйтэй” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.  Нөгөө төлөөс олон улсын байгууллага, төрөлжсөн байгууллагын сонгуульт албан тушаалд Их хурлын гишүүн сонгогдон ажиллах боломж олгохын тулд заавал хуульд нэмэлт оруулах шаардлагатай эсэх, яг ямар байгууллагыг ойлгох, гүйцэтгэх удирдлагаас бусад сонгуульт албан тушаал гэдгийг хэрхэн ойлгох зэргийг зарим гишүүд хөндлөө.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ